3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."хүрээлэн байгаа агаар" гэж байгаль орчны бүрэлдэхүүн хэсгийн нэг болох хийн мандлын байгалийн төлвөөрөө байгаа хийн хольцыг;
3.1.2."агаарын бохирдол" гэж хүрээлэн байгаа агаарт шууд хаягдсан, эсхүл физик, химийн урвалын дүнд шинээр үүсэж бий болсон бохирдуулах бодисын агууламж нь агаарын чанарын стандартаас хэтрэхийг;
3.1.3."агаарын чанар" гэж агаарын чанарын стандартад нийцэж байгаа эсэхийг илэрхийлэх агаарын физик, хими, биологийн цогц шинж чанарыг;
3.1.4."агаарын чанарын хяналт-шинжилгээ" гэж агаарын чанарын төлөв байдал, түүний өөрчлөлтөд байнгын ажиглалт, хэмжилт, судалгаа, шинжилгээ хийж үнэлэх үйл ажиллагааг;
3.1.5."агаарын чанарыг сайжруулах бүс" гэж агаарын бохирдлыг бууруулах зорилгоор тусгай дэглэм тогтоож, тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа хилийн зааг бүхий нутаг дэвсгэрийг;
3.1.6."агаар бохирдуулах бодис" гэж бохирдлын аливаа эх үүсвэр, эсхүл түүнээс хаягдаж хүрээлэн байгаа агаар бохирдуулж байгаа физик, хими, биологийн болон цацраг идэвхт бодис, тэдгээрийн хольцыг;
3.1.7."аюултай бохирдуулах бодис" гэж байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан жагсаалтад орсон бохирдуулах бодисыг;
3.1.8."агаарын бохирдлын эх үүсвэр" гэж хатуу түлш болон хүрээлэн байгаа агаарт бохирдуулах бодис гаргадаг, эсхүл физикийн сөрөг нөлөө үзүүлдэг аливаа объектыг;
3.1.9."агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэр" гэж хүрээлэн байгаа агаарт жилд 100 тонноос их аливаа бохирдуулах бодис, эсхүл таван тонноос их аюултай бохирдуулах бодис гаргадаг үйлдвэрлэл, үйлчилгээний болон бусад зориулалтын барилга байгууламжийг;
3.1.10."хөдөлгөөнт эх үүсвэр" гэж дизель түлш, шатахуунаар ажилладаг бүх төрлийн автотээврийн хэрэгсэл, өөрөө явагч болон зөөврийн хөдөлгөөнт хэрэгслийг;
3.1.11."агаар хамгаалах" гэж хүрээлэн байгаа агаар бохирдохоос урьдчилан сэргийлэх, бохирдлыг бууруулах, агаарын чанарын төлөв байдлыг зохих түвшинд байлгах, тэдгээрт хяналт тавих ажиллагааг;
3.1.12."агаарын чанарын стандарт" гэж хүрээлэн байгаа агаар дахь бохирдуулах бодисын хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх хүлцэх хэм хэмжээг стандартын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталгаажуулсныг;
3.1.13."бохирдуулах бодисын хаягдлын стандарт" гэж агаарын бохирдлын эх үүсвэрээс үргэлжилсэн хугацааны турш хүрээлэн байгаа агаарт гаргаж болох бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээг стандартын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталгаажуулсныг;
3.1.14."агаарын бохирдлын төлбөр" гэж түүхий нүүрс олборлогч, органик уусгагч үйлдвэрлэгч, импортлогч, автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшигч, агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэр ашиглах зөвшөөрөл эзэмшигч, агаарын бохирдлын эх үүсвэр хэрэглэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэний агаарт бохирдуулах бодисыг бохирдуулах бодисын хаягдлын стандартад заасан хэмжээнд гаргасан тохиолдолд төлөх төлбөрийг;
3.1.15."агаарын бохирдлын нөхөн төлбөр" гэж хүрээлэн байгаа агаарт бохирдуулах бодисыг бохирдуулах бодисын хаягдлын стандартад заасан хэмжээнээс хэтрүүлэн гаргасан тохиолдолд төлөх төлбөрийг;
3.1.16."зөвшөөрөгдөх хаягдал" гэж агаарын чанарын стандартаас хэтрэхгүй байхаар агаарын бохирдлын эх үүсвэрийн хувьд тогтоосон бохирдуулах бодисын хүрээлэн байгаа агаарт гаргаж болох дээд хэмжээг;
3.1.17."агаарт үзүүлэх физикийн сөрөг нөлөөлөл" гэж хүрээлэн байгаа агаарын дулаан, энерги, долгион, цацраг зэрэг физик шинж чанарыг өөрчилж улмаар хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа дуу чимээ, чичиргээ доргио, ионжуулагч цацраг, цахилгаан соронзон долгион зэрэг физикийн бусад хүчин зүйлийн үйлчлэлийг;
3.1.18."физикийн сөрөг нөлөөллийн стандарт" гэж физикийн нөлөөллийн хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх хүлцэх хэм хэмжээг стандартын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталгаажуулсныг;
3.1.19."физикийн сөрөг нөлөөллийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ" гэж физикийн сөрөг нөлөөллийн стандартаас хэтрэхгүй байхаар тооцож агаарын бохирдлын эх үүсвэрийн хувьд тогтоосон хүрээлэн байгаа агаарт үзүүлж болох физикийн сөрөг нөлөөллийн хэм хэмжээг;
3.1.20."озоны үе давхарга" гэж дэлхийн гадаргаас дээш орших хийн мандлын озоны давхаргыг;
3.1.21."хүлэмжийн хий" гэж хэт улаан туяаг шингээн авч буцаан туяаруулах шинж чанартай байгалийн буюу хүний үйл ажиллагааны гаралтай хийн мандлын бүрэлдэхүүн хэсгийг.
3.1.22.“Дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар өндөртэй бодис” гэж Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн Протоколын хавсралтад тусгагдсан гидрофторт нүүрстөрөгчийн төрлийн бодисыг. /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
АГААР ХАМГААЛАХ ТАЛААРХ ТӨРИЙН БОЛОН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА, ИРГЭНИЙ НИЙТЛЭГ ЭРХ, ҮҮРЭГ