8 дугаар зүйл. Нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын бүрэн эрх
8.1.Нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага агаар хамгаалах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
8.1.1.агаарын тухай хууль тогтоомж, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан шийдвэрийн биелэлтийг нутаг дэвсгэртээ зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавих;
8.1.2.агаар хамгаалах, бохирдлыг бууруулах арга хэмжээг төлөвлөн орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх;
8.1.3.агаарын чанарын улсын хяналт-шинжилгээний сүлжээний нэгжийн тасралтгүй ажиллагааг хангах;
8.1.4.агаар бохирдуулах бодисын хаягдал, агаарт үзүүлэх физикийн сөрөг нөлөөлөл, тэдгээрийн эх үүсвэрийн тооллогыг мэргэжлийн албаны орон нутаг дахь салбартай хамтран нутаг дэвсгэртээ зохион байгуулах;
8.1.5.агаарын чанар, бохирдуулах бодисын хаягдал болон түүний эх үүсвэрийн тоо бүртгэл, тооллогын мэдээг мэргэжлийн албанд бүрдүүлж өгөх;
8.1.6.төрийн захиргааны төв байгууллагаас нутаг дэвсгэрийнх нь тодорхой хэсэгт тогтоосон агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журмын хэрэгжилтийг зохион байгуулах;
8.1.7.хот, тосгон, бусад суурин газрын нутаг дэвсгэрт ажиллаж байгаа нам даралтын зуухыг хэсэгчилсэн халаалтын системд холбох, цахилгаан эрчим хүч, хий, коксон түлшээр халаах технологи нэвтрүүлэх;
8.1.8.хот, тосгон, бусад суурин газрын агаарын бохирдлын хэмжээ, урьдчилсан мэдээг өдөр тутам нийтэд мэдээлэх;
8.1.9.хуульд заасан бусад бүрэн эрх.
8.2.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал агаар хамгаалах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
8.2.1.аймаг, нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд зарцуулах тухайн жилийн орон нутгийн төсвийг батлах; /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
8.2.2.аймаг, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах талаарх бүх шатны Засаг даргын ажилд хяналт тавих; /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
8.2.3.аймаг, нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн өрхийг гэр, байшингийн дулаалга, сайжруулсан зуух, агаар бохирдуулдаггүй шахмал, хагас коксон болон шингэрүүлсэн хийн түлшээр хангах асуудлыг шийдвэрлэх; /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ заалтад 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
8.2.4.агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын өрхийг хийн түлшээр хангах, урамшуулал олгох журам батлах; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./
8.2.5.хуульд заасан бусад бүрэн эрх. /Энэ заалтын дугаарт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./