7 дугаар зүйл. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
7.1.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /цаашид "төрийн захиргааны төв байгууллага" гэх/ агаар хамгаалах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
7.1.1.агаар хамгаалах талаарх төрийн бодлого, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
7.1.2.агаар хамгаалахтай холбогдсон дүрэм, журам, аргачлал, зааврыг баталж, хэрэгжилтийг хангах;
7.1.3.энэ хуулийн 17 дугаар зүйлд заасан стандартыг боловсруулж эрх бүхий байгууллагаар батлуулах;
7.1.4.агаар хамгаалах талаарх энэ хуулийн 10.1-д заасан агаарын чанарын мэргэжлийн дүрмийг баталж, үйл ажиллагааг удирдлагаар хангах; /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
7.1.5.агаарын чанарын хяналт-шинжилгээний ажлыг зохион байгуулж, хяналт-шинжилгээний арга зүйг батлан мэргэжлийн удирдлагаар хангах;
7.1.6.агаарын талаарх мэдээллийн сан бүрдүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавих;
7.1.7.озон задалдаг, дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар өндөртэй бодис болон бусад орлуулах бодисын хэрэглээг үе шаттайгаар бууруулах, хязгаар тогтооход хяналт тавих; /Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
7.1.8.суурин эх үүсвэрээс агаарт гаргах зөвшөөрөгдөх хаягдлын хэмжээг тогтоох, түүнчлэн мэргэжлийн албаны дүгнэлт гаргуулах үйлчилгээний тарифыг тогтоох; /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
7.1.9.аюултай бохирдуулах бодисын жагсаалтыг батлах;
7.1.10.хуульд заасан бусад бүрэн эрх.