6 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх
6.1.Засгийн газар хүрээлэн байгаа агаар /цаашид "агаар" гэх/ хамгаалах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
6.1.1.агаар хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх бодлого боловсруулах, холбогдох хөтөлбөрийг хэрэгжүүлэх; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.1.1¹.агаарын бохирдлыг бууруулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах, үйл ажиллагааны харилцан уялдааг хангахад хяналт тавих чиг үүрэг бүхий Үндэсний хороо байгуулж ажиллуулах;
/Энэ заалтыг 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/
6.1.2.уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенц /цаашид "Конвенц" гэх/-ийг хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, экологийн эмзэг байдлыг болон уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулахтай холбогдсон арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий Уур амьсгалын үндэсний хороо байгуулах;
6.1.3.агаарын бохирдлыг бууруулахад шаардагдах төсвийн төслийг боловсруулж батлуулах;
6.1.4.агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан батлуулж, хэрэгжилтийг жил бүр Улсын Их Хуралд тайлагнах;
6.1.5.агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын цахилгаан дамжуулах, түгээх шугам сүлжээг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах, энэ хуулийн 16 дугаар зүйлд заасныг хэрэгжүүлэх талаар холбогдох шийдвэрийг гаргах, хяналт тавих. /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
6.1.6.энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан нөхцөл, шалгуурын аль нэгийг хангасан, агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын өрхөд үзүүлэх цахилгаан эрчим хүч, хийн түлшний үнийн урамшууллын хэлбэр, хувь хэмжээг тогтоох, урамшууллыг улсын төсвөөс санхүүжүүлэх; /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтыг 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
6.1.7.гэр хорооллын өрхийг цахилгаан халаагуураар халаахад шаардлагатай цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх дэд бүтцийн найдвартай ажиллагааг хангах, сайжруулахад чиглэсэн багц арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
6.1.8.агаарын бохирдлыг бууруулах, дулаан алдагдлыг багасгах, цахилгаан эрчим хүч хэмнэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урамшуулал олгох;
6.1.9.нийслэлийн хүн амын төвлөрлийг сааруулах зорилгоор хот орчмын суурьшлын бүс, алслагдсан дүүргийг хурдны авто зам, цахилгаан төмөр зам, гүүр, эрчим хүч, инженерийн шугам сүлжээ бүхий дэд бүтцийг бий болгох замаар хөгжүүлэх төлөвлөгөөг боловсруулан батлуулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
6.1.10.агаарын бохирдлыг бууруулахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг Засгийн газрын болон нийслэлийн бонд гаргах, бусад санхүүгийн эх үүсвэрийг дайчлах замаар шийдвэрлэх;
6.1.11.энэ хуулийн 6.1.6, 6.1.8-д заасан урамшууллыг олгох журам батлах;
6.1.12.гэр болон барилга байгууламжийн дулаалгын нэгдсэн стандарт боловсруулан батлуулж, мөрдүүлэх;
6.1.13.хуульд заасан бусад бүрэн эрх.
6.2.Энэ хуулийн 6.1.1¹, 6.1.2-д заасан Үндэсний хорооны бүрэлдэхүүн, ажиллах журмыг Монгол Улсын Ерөнхий сайд батална. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ хэсгийг 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/
6.3.Энэ хуулийн 6.1.1¹-д заасан Үндэсний хороо нь ажлын албатай байх бөгөөд уг ажлын алба нь байнгын цахим мэдээллийн сүлжээг ажиллуулж, иргэд мэдээлэл тогтмол авах боломжийг хангана.
/Энэ хэсгийг 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн ба 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
6.4.Энэ хуулийн 6.3-т заасан ажлын албаны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
/Энэ хэсгийг 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн ба 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/