23 дугаар зүйл. Агнуур зохион байгуулалт, түүний санхүүжилт, амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтоох

АМЬТНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

23 дугаар зүйл. Агнуур зохион байгуулалт, түүний санхүүжилт, амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтоох

23.1.Агнуур зохион байгуулалтын тайлан, дүгнэлт болон энэ хуулийн 5.3.2-т заасан ан агнуурын менежментийн төлөвлөгөөнд агнуурын бүс нутгийн хэмжээ, хил хязгаарыг аймаг, сум, нийслэл, дүүргийн хэмжээнд тогтоож өгсөн байна. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

23.2.Агнуур зохион байгуулалтыг төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ.

23.3.Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ агнуур зохион байгуулалтыг таван жил тутамд хийлгэж, үйлдвэрлэлийн зориулалтаар агналт явуулсан тохиолдолд жил бүр тооллого хийнэ. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

23.4.Агнуур зохион байгуулалтыг дараах байдлаар санхүүжүүлнэ:

23.4.1.агнуур зохион байгуулалтын ажлын зардлыг Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 18.1-д заасны дагуу улсын төсөв, агнуурын нөөц ашигласны төлбөрөөс;

23.4.2.иргэн, хуулийн этгээд гэрээгээр эзэмшиж, ашиглаж байгаа агнуурын бүс нутагтаа хийлгэх агнуур зохион байгуулалтын ажлын зардлыг өөрийн хөрөнгөөр.

23.5.Амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.