22 дугаар зүйл. Агнуурын амьтны сан, түүний байршил нутгийг эзэмших, ашиглах
22.1.Агнуурын амьтны сан нь Монгол Улсын нутаг дэвсгэр дэх унаган, нутагшсан буюу нүүдлийн агнуурын хөхтөн амьтан, шувуу, загаснаас бүрдэнэ.
22.2.Агнуурын амьтны байршил нутагт агнуурын амьтан амьдрах нөхцөл бүрдсэн газар, ой, ус хамаарна.
22.3.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь агнуурын амьтны тархац нутагт ан амьтныг агнах, барих агнуурын бүс нутгийг энэ хуулийн 5.3.2-т заасан ан агнуурын менежментийн төлөвлөгөөг үндэслэн тогтооно.
22.4.Агнуурын амьтны нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах, ангийн гаралтай түүхий эд бэлтгэх зорилгоор агнуурын бүс нутгийн тодорхой хэсгийг гэрээний дагуу иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлж болно.
22.5.Энэ хуулийн 22.4-т заасан гэрээг зохих бэлтгэл хангуулах зорилгоор эхний ээлжинд нэг жилийн хугацаагаар, цаашид арван жилийн давтамжтайгаар 30 хүртэл жилийн хугацаагаар байгуулж болно.
22.6.Энэ хуулийн 22.4-т заасан агнуурын бүс нутгийн тодорхой хэсгийг эзэмшигч нь ан агнуурын менежментийн төлөвлөгөөний дагуу эзэмшлийнхээ агнуурын нөөцийг тогтвортой ашиглах, хамгаалах, өсгөн үржүүлэх арга хэмжээ авна.
22.7.Иргэн өөрийн өмчийн болон эзэмшлийн, хуулийн этгээд эзэмшлийн газартаа энэ хуулийн 5.3.5-д заасан технологи, норм, нормативын дагуу агнуурын амьтныг тэжээврээр үржүүлж болно.