21 дугаар зүйл. Иргэн, нөхөрлөл, амьтан хамгаалах чиглэлийн мэргэжлийн болон төрийн бус байгууллагыг амьтны нөөцийг хамгаалахад оролцуулах

АМЬТНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

21 дугаар зүйл. Иргэн, нөхөрлөл, амьтан хамгаалах чиглэлийн мэргэжлийн болон төрийн бус байгууллагыг амьтны нөөцийг хамгаалахад оролцуулах

21.1.Ан агнах зөвшөөрөл бүхий иргэн ан хийхдээ дараах шаардлагыг хангасан байна:

21.1.1.амьтан агнах, барих төлбөр, зөвшөөрлийн хураамж төлсөн байх;

21.1.2.энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан агнуурын амьтан агнах, барих хугацааг чанд мөрдөх;

21.1.3.ан амьтан агнах, барихдаа энэ хуулийн 10 дугаар зүйлээр хориглосон арга, зэвсэг хэрэгсэл хэрэглэхгүй байх;

21.1.4.агнах амьтан нь тухайн сум, дүүргийн агнуурын бүс нутгаас тухайн жилд агнахаар зөвшөөрөгдсөн амьтдын тоо хязгаарт багтаж байх;

21.1.5.ан хийх агнуурын бүс нутгаа сум, дүүргийн байгаль хамгаалагчаар заалгасан байх;

21.1.6.агнуурын ховор загасыг зөвхөн нэг салаа сэтгүүртэй, үзүүртээ сэртэнгүй дэгээг ашиглаж, хиймэл өгөөшөөр гэмтээлгүй барьж, усанд нь буцааж тавих.

21.2.Ан хийхдээ энэ хуулийн 21.1.1-21.1.6-д заасан шаардлагыг хангаагүй иргэний анчны үнэмлэхийг энэ хуулийн 24.2-т заасан журмын дагуу хурааж, хүчингүй болгоно.

21.3.Агнуурын нөөцийг хамгаалах талаар нөхөрлөл, хуулийн этгээд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

21.3.1.хариуцаж байгаа агнуурын бүс нутгийнхаа агнуурын нөөцийг хуулийн хүрээнд гэрээнд заасны дагуу тогтвортой ашиглах, эзэмших;

21.3.2.агнуурын нөөцийг хариуцан хамгаалах, ашиглах, эзэмших талаар Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 50, 51 дүгээр зүйлд заасан журмыг мөрдөж ажиллах.

21.4.Агнуурын нөөцийг хамгаалах зорилго бүхий мэргэжлийн байгууллага агнуурын нөөцийг хамгаалах талаар бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

21.4.1.агнуурын нөөц, түүний тооллого бүртгэл, агнуур зохион байгуулалтын ажлыг улс, орон нутгийн болон иргэн, хуулийн этгээдийн захиалга, хөрөнгөөр гүйцэтгэх, тэдгээрийн ан агнуурын менежментийн төлөвлөгөөг боловсруулах;

21.4.2.агнуурын нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах, өсгөн үржүүлэх талаар мэргэжлийн дүгнэлт гаргах;

21.4.3.агнуурын нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах, өсгөн үржүүлэх талаар хуулийн этгээдэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт, сурталчилгаа явуулах, төсөл, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх;

21.4.4.өөрийн гүйцэтгэсэн ажлын үнэн зөвийг хариуцаж, үйл ажиллагааныхаа талаар төрийн захиргааны төв байгууллагад бичгээр, эсхүл цахим хэлбэрээр тайлагнах; /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

21.4.5.энэ хуулийн 35.4-т заасны дагуу агнуурын байршил нутагт халдварт өвчний голомтыг эрүүлжүүлэх.

21.5.Амьтны нөөцийг хамгаалах зорилго бүхий төрийн бус байгууллага агнуурын нөөцийг хамгаалах талаар дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

21.5.1.амьтны тухай хууль тогтоомжийн биелэлтэд олон нийтийн хяналт тавих, илэрсэн зөрчлийг арилгахыг шаардах, шаардлагатай тохиолдолд асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;

21.5.2.амьтны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах талаарх саналаа холбогдох төрийн байгууллага болон зохих шатны иргэдийн Төлөөлөгчдийн болон иргэдийн Нийтийн Хурал, Засаг даргад уламжлах;

21.5.3.агнуурын нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах, өсгөн үржүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулах, ан агнуурын менежментийн төлөвлөгөө боловсруулахад нөхөрлөл, хуулийн этгээдэд дэмжлэг үзүүлэх;

21.5.4.амьтныг хайрлах ёс зүй, зан заншил, үндэсний уламжлал, хууль тогтоомжийг сурталчлах.

21.6.Төрийн захиргааны төв байгууллага амьтныг хамгаалах талаарх төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүргийг гэрээний үндсэн дээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу амьтны нөөцийг хамгаалах дүрмийн зорилго бүхий төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж, түүний хэрэгжилтийг санхүүжүүлж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.