4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

АМЬТНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1."амьтан" гэж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалтад заасныг;

4.1.2."тархац нутаг" гэж тухайн амьтны нутагладаг, нүүдэллэдэг, тэдгээрийн амьдрах тохиромжтой нөхцөл бүрдсэн газар нутгийг;

4.1.3."нэн ховор амьтан" гэж тархац нутагтаа бүхэлдээ, эсхүл ихэнх хэсэгт тоо толгой эрс цөөрсөн, ашиглах нөөцгүй, устах аюулд орсон амьтныг;

4.1.4."ховор амьтан" гэж тархац нутагтаа тоо толгой цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй амьтныг;

4.1.5."биотехникийн арга хэмжээ" гэж амьтны амьдрах болон идэш тэжээлийн нөхцөлийг сайжруулахад чиглэгдсэн үйл ажиллагааг;

4.1.6."сэргээн нутагшуулах" гэж хамгаалах, өсгөх үржүүлэх зорилгоор устах аюулд орсон, ховордсон амьтны зүйлийг урьд амьдарч байсан нутагт нь зориудаар зөөвөрлөн нутагшуулах үйл ажиллагааг;

4.1.7."агнуурын амьтан" гэж арьс, үс, мах болон бусад түүхий эдийг нь ашиглахаар агнаж ирсэн уламжлалтай, агнуурын нөөцтэй амьтныг;

4.1.8."агнуурын нөөц" гэж хэвийн өсөлт, үржилтийг нь алдагдуулахгүй агнах, барих боломжтой агнуурын амьтны тоо, хэмжээг;

4.1.9."агнуурын бүс нутаг" гэж агнуурын нөөцийг тогтвортой ашиглах, хамгаалах зориулалт бүхий амьтны байршил, тархац нутгийг;

4.1.10."агнуурын амьтны сүргийн бүтэц" гэж сүрэг дэх амьтдын нас, хүйсийн харьцааг;

4.1.11."ан агнуурын менежментийн төлөвлөгөө" гэж тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх агнуурын бүс нутагт ан амьтныг хамгаалах, тогтвортой ашиглах, өсгөн үржүүлэхэд чиглэгдсэн ан агнуурын арга хэмжээний хүрээнд гүйцэтгэх ажлыг тодорхой үе шаттайгаар цогц байдлаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн баримт бичгийг;

4.1.12."амьтны нөөцийг хамгаалах" гэж амьтны сүргийн бүтцийн төлөв байдлыг доройтохоос урьдчилан сэргийлэх, тэдгээрийн жам ёсоороо нөхөн сэргэх боломжийг нь алдагдуулахгүйгээр амьтны нөөцийг зүй зохистой ашиглах, гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс хамгаалах, амьтны идэш тэжээлийн төлөө тэмцэл, хорогдлын шалтгааныг олж тодорхойлох, биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх, сэргээн нутагшуулах, өсгөн үржүүлэх, тэдгээрт хяналт тавих цогц үйл ажиллагааг;

/Энэ заалтад 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4.1.13."амьтныг өсгөн үржүүлэх" гэж амьтныг зохих журмын дагуу эзэмшилдээ авч, батлагдсан технологи, норм, нормативын дагуу тэжээврээр үржүүлэх замаар үр төлийг бойжуулан өсгөхийг;

4.1.14."ангийн буу" гэж хийц, үзэмж, загвараараа байлдааны зэвсгээс ялгаатай, замагтай бууны хүхээнд нэг, дайзанд дөрвөөс илүүгүй, өөрөө цэнэглэгдэгч /хагас автомат/ бууны хүхээнд нэг, дайзанд таваас илүүгүй сумны багтаамжтай галт зэвсгийг;

4.1.15."спорт агнуур" гэж анчин ан агнах, барих хэрэгцээгээ хангах зорилгоор ан амьтны эд, эрхтэнийг үзүүлэлтийн хувьд сонголт болголгүй агнах, барихыг;

4.1.16."олзворын ан" гэж амьтны илүү үзүүлэлт бүхий эд, эрхтэнийг авах зорилгоор тусгай төлбөр төлж агнах, барихыг;

4.1.17."агнах, барихыг түр хориглосон ан амьтан" гэж хуулиар агнах, барихыг хориглоогүй ч тархац, нөөц, хэвийн өсөж үржих, амьдрах орчин нөхцөл нь хомсдсон, муудсан, доройтсоны улмаас энэ хуулийн 5.2, 5.3-т заасан эрх бүхий байгууллагаас агнах, барихыг нь тодорхой хугацаагаар хориглосон амьтныг;

4.1.18."харь амьтан" гэж улсын хилийн гаднаас зориудаар болон санамсаргүй байдлаар зөөвөрлөгдөн ирж, нутагшиж байгаа амьтны зүйлийг;

4.1.19."анчин" гэж аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон анчны үнэмлэхтэй иргэнийг;

4.1.20."ангийн гаралтай түүхий эд" гэж амьтны арьс, шир, үс, өд, эвэр, толгой, цус, өөх, тос зэрэг эд эрхтэнийг;

4.1.21."ан агнуур" гэж ангийн гаралтай түүхий эдийг ашиглах зорилгоор хуулиар заасан хугацаа, арга, хэрэгсэл, зөвшөөрлийн дагуу агнуурын амьтныг агнах, барих үйл ажиллагааг;

4.1.22."агнуурын зохион байгуулалт" гэж агнуурын амьтны тархац, байршил, нөөц, төрөл, зүйл, тоо толгой, сүргийн бүтэц, өөрчлөлтийг судлан тогтоож, агнуурын нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, өсгөн үржүүлэх арга хэмжээг цогц байдлаар тодорхойлох үйл ажиллагааг;

4.1.23."ангийн аж ахуй" гэж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 30.3-т заасны дагуу агнуурын амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглах үйл ажиллагааг ан агнуурын менежментийн төлөвлөгөөний дагуу эрхэлдэг мэргэжлийн байгууллагыг;

4.1.24."амьтны жам ёсны эрх" гэж амьтад идэш тэжээлээ олох, амьдрах идээшил, тархац нутгаа сонгох, үржил хөөцөнд орж, үр төлөө үлдээх, бүл сүрэгтэй дасан ижилсэх, айдас цочрол, хомроглон устгагдахаас ангид байхыг;

4.1.25."амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ" гэж тухайн зүйл амьтны амьдрах орчин болон экологийн, эдийн засгийн, эрх зүйн, нийгмийн ач холбогдлоор нь үнэлсэн тусгай аргачлалын дагуу тооцсон амьтны мөнгөн үнэлгээг.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.