5 дугаар зүйл. Амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглах талаар төрийн болон өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх
5.1.Амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглах талаар Улсын Их Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
5.1.1.амьтныг хамгаалах талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох;
5.1.2.агнуурын нөөц ашигласны төлбөрийн дээд, доод хувь, хэмжээг тогтоох;
5.1.3.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
5.2.Амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглах талаар Засгийн газар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
5.2.1.амьтныг хамгаалах талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах;
5.2.2.агнуурын нөөцийг ашиглах, импортлох, экспортлох хэмжээг хуульд заасан үндэслэлээр хязгаарлах буюу тодорхой хугацаагаар хориглох;
5.2.3.амьтны нөөцийг хамгаалах, өсгөн үржүүлэх арга хэмжээний зардлыг тухайн жилийн төсвийн төсөлд тусгах;
5.2.4.энэ хуулийн 23.2-т заасан байгууллагын ажиллах журмыг батлах;
5.2.5.Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 5-д заасны дагуу сүргийн бүтцийн төлөв байдал, тархац, нөөцийг харгалзан тухайн агнуурын бүс нутагт ан хийх, эсхүл зарим зүйл агнуурын амьтныг агнах, барихыг тодорхой хугацаагаар хязгаарлах; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
5.2.6.хуульд заасан бусад бүрэн эрх. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
5.3.Амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглах талаар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /цаашид "төрийн захиргааны төв байгууллага" гэх/ дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
5.3.1.амьтныг хамгаалах, нутагшуулах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглах ажлыг улсын хэмжээнд мэргэжлийн удирдлага зохицуулалт, арга зүйн зөвлөгөөгөөр хангах;
5.3.2.агнуурын нөөц бүхий аймаг болон ангийн аж ахуйн ан агнуурын менежментийн төлөвлөгөөг батлах, хэрэгжилтэд хяналт тавих;
5.3.3.амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг боловсруулж, Засгийн газраар батлуулах;
5.3.4.сүргийн бүтцийн төлөв байдал, тархац, нөөцийг харгалзан тухайн агнуурын бүс нутагт ан хийх, эсхүл зарим зүйл агнуурын амьтныг агнах, барихыг тодорхой хугацаагаар хориглох; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
5.3.5.агнуурын нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах, өсгөн үржүүлэх талаар технологи, норм, нормативыг батлах;
5.3.6.амьтны нөөцийн өөрчлөлтөд хяналт-шинжилгээ хийх, ан, амьтны мэдээллийн сан бүрдүүлж, мэдээллээр хангах;
5.3.7.амьтан хамгаалах үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, хуулийн этгээдийн менежментийн төлөвлөгөөний үлгэрчилсэн загвар, тэдгээрийг боловсруулах заавар батлах;
5.3.8.амьтны нөөцийг хамгаалах, өсгөн үржүүлэх зориулалтаар улсын төсвөөс олгосон хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих, гүйцэтгэлийг тайлагнах;
5.3.9.эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх, халдварт өвчний голомтыг эрүүлжүүлэх зорилгоор энэ хуулийн 9.1,9.2, 9.4-9.7-д заасан хугацааг харгалзахгүйгээр амьтныг агнах, барих зөвшөөрөл олгох.
5.4.Амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглах талаар аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
5.4.1.амьтныг хамгаалах талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах;
5.4.2.амьтны нөөцийг хамгаалах, өсгөн үржүүлэх арга хэмжээний зардлыг тухайн жилийн төсвийн төсөлд тусгах;
5.4.3.амьтны нөөцийг хамгаалах, өсгөн үржүүлэх зорилгоор тодорхой агнуурын бүс нутгийг орон нутгийн хамгаалалтад авах;
5.4.4.харьяалах нутаг дэвсгэртээ нэн ховор, ховор амьтныг хамгаалах арга хэмжээний төлөвлөгөөг баталж, биелэлтэд нь хяналт тавих;
5.4.5.энэ хуулийн 6.1.1-д заасан шийдвэрийн дагуу харьяалах нутаг дэвсгэртээ ашиглалтын талаар хорио, хязгаарлалт тогтоох;
5.4.6.амьтны аймгийн хамгаалалт, ашиглалтын талаар Засаг даргын мэдээлэл, тайланг хэлэлцэх;
5.4.7.энэ хуулийн 22.3-т заасан агнуурын бүс нутгийг тогтоох;
5.4.8.амьтны нөөцийн талаарх мэдээ, тайланг төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;
5.4.9.харьяалах нутаг дэвсгэртээ байршдаг амьтныг хамгаалах арга хэмжээг байгаль орчныг хамгаалах хөтөлбөртөө тусган хэрэгжүүлэх;
5.4.10.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
5.5.Амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглах талаар аймаг, нийслэлийн Засаг дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
5.5.1.амьтныг хамгаалахтай холбогдсон хууль тогтоомж, түүний хэрэгжилттэй холбогдуулан гаргасан Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах;
5.5.2.энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3, 6.1.7-6.1.9, 6.1.11-д заасан арга хэмжээг нутаг дэвсгэртээ авч хэрэгжүүлэх;
5.5.3.амьтны мэдээллийн сангийн мэдээ баримтыг харьяалагдах сум, дүүргийн хэмжээгээр нэгтгэн бүрдүүлж, төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;
5.5.4.нутаг дэвсгэртээ байршдаг амьтныг хамгаалах арга хэмжээг байгаль орчныг хамгаалах хөтөлбөртөө тусган хэрэгжүүлэх;
5.5.5.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
5.6.Амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглах талаар сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
5.6.1.харьяалах нутаг дэвсгэртээ амьтан хамгаалах арга хэмжээний төлөвлөгөө баталж, биелэлтэд нь хяналт тавих;
5.6.2.сум, дүүргийн Засаг даргын амьтан хамгаалах талаар авч хэрэгжүүлэх ажлын тайланг хэлэлцэх;
5.6.3.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
5.7.Амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглах талаар сум, дүүргийн Засаг дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
5.7.1.харьяалах нутаг дэвсгэртээ байршдаг амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх арга хэмжээг байгаль орчны хөтөлбөртөө тусган, малчин өрхийн анхдагч холбоотой хамтран хэрэгжүүлэх; /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
5.7.2.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.11-д заасан зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуульд заасан журмын дагуу иргэн, хуулийн этгээдэд олгох; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
5.7.3.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
5.8.Амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглах талаар аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
5.8.1.батлагдсан ан агнуурын менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан агнуурын нөөцөд тулгуурлан жил бүр ашиглах агнуурын амьтны төрөл, тоо хэмжээний талаар санал боловсруулж, төрийн захиргааны төв байгууллагад жил бүрийн 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор хүргүүлэх;
5.8.2.амьтан болон агнуурын нөөцийг хамгаалах, өсгөн үржүүлэх талаар эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
5.8.3.энэ хуулийн 5.3.2-т заасан ан агнуурын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
5.8.4.харьяалах нутаг дэвсгэртээ ан амьтан болон агнуурын мэдээллийн сан бүрдүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг мэдээллээр хангах.
АМЬТАН ХАМГААЛАХ