161 дугаар зүйл. Усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх

УСНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

161 дугаар зүйл. Усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх

/Энэ зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

161.1.Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага ажиллана.

161.2.Усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага ус ашиглагч, хэрэглэгч, хангагч байгууллагыг усны талаарх мэргэжил, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангана.

161.3.Усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага сав газрын захиргаа, аймаг, нийслэлийн байгаль орчны алба, хөдөө аж ахуйн мэргэжилтэн болон сум, дүүргийн байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчийг усны талаарх мэргэжил, арга зүйн удирдлагаар хангана.

161.4.Усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага усны асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

161.4.1.улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөний төсөл боловсруулах, уг төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах;

161.4.2.усны хайгуул, зураг төсөл, судалгааны төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, хайгуул, судалгааны ажлын явцад хяналт тавих;

161.4.3.усны ашиглах боломжит нөөцийн хэмжээг сав газрын хэмжээнд ашиглалтын зориулалт бүрээр тогтоон боловсруулж мөрдүүлэх, хяналт тавих;

161.4.4.энэ хуулийн 4.9-д заасан ашиглах боломжит нөөцийн дээд хязгаарыг тогтоох санал боловсруулах, мөрдүүлэх, хяналт тавих;

161.4.5.улсын усны мэдээллийн санг бүрдүүлж хөтлөх, усны төлөв байдалтай холбоотой мэдээллээр иргэн, хуулийн этгээдийг хангах;

161.4.6.улсын усны тоо бүртгэл, статистикийн мэдээллийг нэгтгэн боловсруулах, усны нөөц, ус ашиглалтын тайланг улсын хэмжээнд нэгтгэн гаргах;

161.4.7.усны экологи-эдийн засгийн үнэлгээ, усны үнэ, тариф тогтоох чиглэлээр судалгаа хийх аргачлал, зааврыг боловсруулах, усны нөөцөд учруулсан хохирлыг тооцох;

161.4.8.ус хэмнэх, хаягдал усыг цэвэрлэх, дахин ашиглах техникийн нөхцөл, стандартыг дэвшилтэт технологи, шинжлэх ухааны ололтод тулгуурлан боловсруулж, хэрэгжилтэд хяналт тавих;

161.4.9.энэ хуулийн 28.4-т заасны дагуу гаргасан ус ашиглах дүгнэлт, 28.6-д заасан ус ашиглах зөвшөөрөл, 28.11-д заасан гэрээнд хяналт тавих;

161.4.10.голын голдирлыг өөрчлөх, урсацад тохируулга хийх, шилжүүлэн ашиглах, усны барилга байгууламж барих, усны сан бүхий газрын ашиглалтын төсөлд дүгнэлт гаргах;

161.4.11.стратегийн томоохон орд газарт цооног өрөмдөх, ус ашиглах судалгаа хийхэд дүгнэлт гаргах;

161.4.12.ган, цөлжилт, хуурайшилтын үед усны нөөц хомсдох, бохирдсон тохиолдолд тухайн сав газарт ус ашиглагчийн ашиглах усыг хуваарилах, хязгаарлах, ус, түүний орчныг нөхөн сэргээх зорилгоор ус ашиглахыг тодорхой хугацаагаар түр хориглох;

161.4.13.бэлчээрийн усжуулалт, услалтын систем барих ажлын хайгуул, судалгаа, зураг төсөлд дүгнэлт гаргах;

161.4.14.бэлчээрийг усжуулах зориулалтаар инженерийн хийцтэй худаг байгуулах, уст цэг тогтоох хайгуулын ажлыг улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх төлөвлөгөөг боловсруулах;

161.4.15.хуульд заасан бусад бүрэн эрх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.