17 дугаар зүйл. Сав газрын захиргааны бүрэн эрх
17.1.Сав газрын захиргаа нь усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг тухайн сав газартаа хэрэгжүүлнэ:
17.1.1.сав газрын менежментийн төлөвлөгөөний төсөл боловсруулах;
17.1.2.сав газрын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх орон нутгийн болон салбар дундын зохицуулалтыг хангах, хэрэгжилтэд хяналт тавих;
17.1.3.бүх шатны Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг мэргэжлийн зөвлөмжөөр хангах;
17.1.4.усны тоо бүртгэлийг жил бүр сав газрын хэмжээнд нутгийн захиргааны байгууллагатай хамтран зохион байгуулж, усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тайлагнах;
/Энэ заалтад 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
17.1.5.сав газрын усны мэдээллийн дэд санг эрхэлж, олон нийтийг мэдээллээр хангах;
17.1.6.ус ашиглах зорилгоор цооног өрөмдөх, худаг гаргах, суваг хоолой татах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг хүлээн авч, усны нөөцийн менежментийн төлөвлөгөөг үндэслэн энэ хуулийн 28.4-т заасны дагуу ус ашиглуулах дүгнэлт гаргах, улсын нөөцөд бүртгэгдсэн рашааныг эмчилгээ-сувилгаа, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашиглах талаар дүгнэлт гаргах, мэдээллийн санд оруулж бүртгэх;
/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
17.1.7.ус ашигласны болон бохирдуулсны төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу ногдуулах үндэслэлийг тодорхойлох;
17.1.8.сав газрын хэмжээнд ус хангамжийн эх үүсвэрийн болон хаягдал ус зайлуулах цэг тогтоох;
17.1.9.ус ашиглах, хаягдал ус зайлуулах шаардлагыг зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ус ашиглах, хаягдал ус зайлуулах эрхийг цуцлах дүгнэлт гаргах, байгальд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах;
17.1.10.сав газрын хэмжээнд ашиглах боломжит усны нөөц, ус ашиглалтын байдалд байнгын хяналт тавьж ажиллах;
17.1.11.сав газрын зөвлөл байгуулах тухай саналыг харьяалагдах орон нутгийн захиргаатай зөвшилцөн боловсруулж, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад оруулах;
/Энэ заалтад 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
17.1.12.гол, мөрөн, нуур, усны эх үүсвэр болон газрын доорх цэнгэг усны орд газрыг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авах үндэслэлийг боловсруулах;
17.1.13.хаягдал усыг зохих журмын дагуу байгальд шууд нийлүүлж байгаа хуулийн этгээдтэй ус бохирдуулсны төлбөрийн гэрээ байгуулж, биелэлтэд хяналт тавьж ажиллах.
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн./
17.1.14.хуульд заасан бусад бүрэн эрх.
/Энэ заалтын дугаарт 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
17.2.Тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны саналыг үндэслэнэ.