20 дугаар зүйл. Сав газрын зөвлөл
20.1.Сав газрын захиргааны дэргэд сав газрын усны менежментийн төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дүгнэлт, зөвлөмж өгөх, хяналт тавих, олон талын оролцоог хангах үүрэг бүхий орон тооны бус усны сав газрын зөвлөл /цаашид "сав газрын зөвлөл" гэх/- ийг байгуулна.
20.2.Сав газрын зөвлөлийн бүрэлдэхүүнд тухайн нутаг дэвсгэрийн засаг захиргааны төлөөлөл, байгаль орчны алба, төрийн бус байгууллага, сум, дүүргийн иргэн, ус ашиглагч, эрдэмтэн, судлаач, усны мэргэжлийн байгууллагын төлөөлөл орсон байна. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
20.3.Сав газрын зөвлөлийг байгуулах, ажиллах нийтлэг журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
20.4.Сав газрын зөвлөл нь усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
20.4.1.ус хамгаалах, зохистой ашиглах шийдвэр гаргахад иргэдийн саналыг тусгуулах;
20.4.2.усны нөөцийг хуримтлуулах, ашиглах, томоохон уул уурхайн үйлдвэрлэл эрхлэх болон далан, суваг барих төсөлд санал өгөх;
20.4.3.сав газрын захиргааны усны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгах шийдвэр гаргуулах, хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллагад санал хүргүүлэх;
20.4.4.ус ашиглагч нь гэрээ болон энэ хуулийн 30 дугаар зүйлд заасан үүргээ бүрэн гүйцэд хангаж байгаа эсэхэд хяналт тавих;
20.4.5.ус ашиглагч нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр хүлээсэн сөрөг нөлөөллийг бууруулах, учирсан хохирлыг арилгах, нөхөн сэргээх үүргээ бүрэн гүйцэд биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих;
20.4.6.усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалт, эрүүл ахуйн бүсийн дэглэмийн мөрдөлтөд хяналт тавих;
20.4.7.урсац бүрэлдэх эх, усны эх үүсвэрийн орчмыг хамгаалах, ойжуулах, тохижуулах, нөхөн сэргээх арга хэмжээг нутгийн иргэдийн дэмжлэг, санаачилга, мэргэжлийн байгууллагын хүчийг нэгтгэн зохион байгуулах;
20.4.8.усны барилга байгууламжийн зураг төсөл усны нөөцөд сөрөг нөлөөтэй нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр батлагдвал барьж байгуулах ажлыг түдгэлзүүлэх саналыг эрх бүхий байгууллагад гаргах;
20.4.9.ус ашиглахтай холбогдсон сав газрын захиргааны дүгнэлтийг хүчингүй болгох саналыг эрх бүхий байгууллагад гаргах.