21 дугаар зүйл. Усны мэргэжлийн байгууллага
21.1.Усны хайгуул, судалгаа явуулах, цооног өрөмдөх, сэргээн засварлах, усны барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, түүнийг барих, тоноглох, ус хэмнэх технологи нэвтрүүлэх, усны шинжилгээ, аудит хийх ажлыг усны мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
21.2.Усны нөөцийн хайгуул, судалгааны ажлыг эрхлэх мэргэжлийн байгууллагын эрхийг зөвхөн дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид олгоно.
21.3.Усны мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааны чиглэл, гүйцэтгэх үүргийг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
21.4.Усны мэргэжлийн байгууллагын эрхийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага таван жилийн хугацаагаар олгох бөгөөд үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн тохиолдолд эрхийг нь таван жил тутам сунгана.
21.5.Усны мэргэжлийн байгууллага дараах үүргийг гүйцэтгэнэ: /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
21.5.1.усны хайгуул, судалгаа явуулах эрх бүхий мэргэжлийн байгууллага төвлөрсөн болон төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрийн эрэл хайгуул судалгаа хийх, газрын доорх усны регионал судалгаа, зураглал хийх, усны сав газрын нөөцийн судалгаа хийх, усны нөөцийн зөвлөлөөр судалгааны тайланг хэлэлцүүлж, нөөцийг баталгаажуулах, хайгуул судалгааны тайланг улсын усны мэдээллийн санд хүлээлгэн өгөх; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
21.5.2.усны барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах эрх бүхий мэргэжлийн байгууллага энэ хуулийн 3.1.13-т заасан усны барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, тайланг улсын усны мэдээллийн санд хүлээлгэн өгөх; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
21.5.3.цооног өрөмдөх, тоноглох, сэргээн засварлах эрх бүхий мэргэжлийн байгууллага унд ахуйн болон үйлдвэрлэлийн ус хангамж, усны нөөцийн эрэл, хайгуул, газрын доорх усны хяналт шинжилгээ, усны түвшин бууруулах, шүүрүүлэх, тэсэлгээ хийх болон бусад зориулалтаар ашиглах цооног өрөмдөх, тоноглох, худгийн барилга барих, сэргээн засварлах, мэдээ, тайланг улсын усны мэдээллийн санд хүлээлгэн өгөх; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
21.5.4.усны барилга байгууламж барих, сэргээн засварлах, шинэчлэх эрх бүхий мэргэжлийн байгууллага энэ хуулийн 3.1.13-т заасан усны барилга, байгууламжийг барих, сэргээн засварлах, шинэчлэх, тайланг улсын усны мэдээллийн санд хүлээлгэн өгөх; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
21.5.5.усны аудит хийх эрх бүхий мэргэжлийн байгууллага усны нөөцийн ашиглалт, усны нөөцийн төлбөр төлөлт, усны барилга байгууламж барих, сэргээн засварлах, шинэчлэх ажлын гүйцэтгэлд аудит хийх, холбогдох дүгнэлт, зөвлөмж гаргах, тайланг улсын усны мэдээллийн санд хүлээлгэн өгөх. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
21.6.Усны мэргэжлийн байгууллагын эрхийг шинээр авах, сунгуулахад дараах баримт бичгийг бүрдүүлнэ: /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
21.6.1.аж ахуйн нэгж, байгууллагын танилцуулга, улсын бүртгэлийн гэрчилгээний лавлагаа; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
21.6.2.тухайн чиглэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах мэргэжлийн хүний нөөцийн жагсаалт, нотариатаар баталгаажуулсан диплом, сертификатын хуулбар, ажлын туршлага; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
21.6.3.мэргэжлийн хүний нөөцийг ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
21.6.4.техник, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн жагсаалт, гэрчилгээ, түрээсийн гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар болон техникийн бусад үзүүлэлт, фото зураг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
21.6.5.зураг төслийн эрх авах бол программ хангамжийн танилцуулга; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
21.6.6.усны мэргэжлийн байгууллагын эрхээ сунгуулах бол дээрх баримт бичгээс гадна эрх авснаас хойш хийсэн ажлын тайланг жил бүрээр гаргах. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
21.7.Усны мэргэшсэн хүний нөөцийн сургалтыг сонгон шалгаруулалт явуулж, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж, гидрологи, гидрогеологич, гидротехникч инженерд мэргэшсэн зэрэг олгоно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
21.8.Усны мэргэжлийн байгууллага зөвшөөрөлгүйгээр цооног өрөмдөх, худаг гаргах, суваг шуудуу татах нь мэргэжлийн байгууллагын эрхийг цуцлах үндэслэл болно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
УСНЫ НӨӨЦИЙГ ХАМГААЛАХ, УСАН ОРЧИНГ НӨХӨН СЭРГЭЭХ