22 дугаар зүйл. Усны нөөцийг хамгаалах
22.1.Усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, үер, усны гамшгаас сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс тогтооно.
22.2.Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно.
22.2.1.онцгой хамгаалалтын бүсэд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 5.1.8-д зааснаас бусад барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно. /Энэ заалтад 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
22.3.Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно.
22.4.Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг байгаль орчны болон газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтооно.
22.5.Нийслэлийн ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс, тэжээгдлийн мужийн заагийг байгаль орчны болон газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран тогтооно.
22.6.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 22.4-т заасан дэглэм зөрчихийг хориглоно.
22.7.Гол, мөрөн, нуур, усны эх үүсвэр болон газрын доорх цэнгэг усны орд газрыг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авна.
22.8.Гол, мөрний байгалийн үндсэн голдирлыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэргүйгээр өөрчлөхийг хориглоно.
22.9.Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглах харилцааг хуулиар зохицуулна.
22.10.Рашааны эрүүл ахуйн болон хамгаалалтын бүсийг дараах байдлаар тогтооно:
22.10.1.рашааны орд, эх булгийн эргэн тойронд 100 метрийн зайд эрүүл ахуйн бүсийг;
22.10.2.хамгаалалтын бүс нь хориглолтын болон хязгаарлалтын бүсээс бүрдэх бөгөөд эрүүл ахуйн бүсийн эргэн тойронд 200 метрээс доошгүй зайд хориглолтын бүсийг;
22.10.3.хязгаарлалтын бүсийг усны мэргэжлийн байгууллага тогтоох.
22.11.Рашааны эрүүл ахуйн бүсэд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
22.11.1.рашаан шууд авч ашиглахаас өөр зориулалтаар барилга байгууламж барих, тоног төхөөрөмж суурилуулах;
22.11.2.хог хаягдал хаях, химийн бодис хадгалах.
22.12.Рашааны хориглолтын бүсэд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
22.12.1.рашааныг ашиглах зориулалттай барилга байгууламжийг хаягдал ус цэвэрлэх, зайлуулах байгууламжгүй барих;
22.12.2.газар тариалан эрхлэх, мал бэлчээрлүүлэх, хадлан бэлтгэх;
22.12.3.хог хаягдал хаях, хадгалах, бохирын цооног байгуулах.
22.13.Рашааны хязгаарлалтын бүсэд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
22.13.1.ус, рашаан ашиглахтай шууд холбоогүй барилга байгууламж барих;
22.13.2.хог хаягдлын болон хаягдал ус зайлуулах байгууламж, цэг байрлуулах, нефтийн бүтээгдэхүүн, химийн бодис хадгалах.
22.14.Рашааны эрүүл ахуйн болон хамгаалалтын бүсийн дэглэмийг байгаль орчны болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
22.15.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 22.14-т заасан рашааны эрүүл ахуйн болон хамгаалалтын бүсийн дэглэм зөрчихийг хориглоно.
22.16.Рашааныг ашиглагч нь холбогдох хууль тогтоомж, технологийн горим зөрчсөнөөс рашааны орд, ундарга, нөөц хомсдож, чанар нь алдагдвал сав газрын захиргааны дүгнэлтийг үндэслэн эрх бүхий байгууллага ашиглалтыг зогсоож, нөхөн сэргээх ажлыг гэм буруутай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын зардлаар гүйцэтгүүлнэ.
22.17.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ашиглаж дууссан цооногоо битүүмжлэн аймаг, нийслэлийн байгаль орчны алба, сум, дүүргийн Засаг даргад хүлээлгэж өгнө.
22.18.Усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг улс, орон нутгийн төсөв, Байгаль орчин, уур амьсгалын сан, аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгө, гадаадын зээл, тусламжаар санхүүжүүлнэ.
/Энэ хэсэгт 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/