28 дугаар зүйл. Ус ашиглагчид олгох зөвшөөрөл
28.1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ус ашиглах хүсэлтээ энэ хуулийн 28.4-т заасан этгээдэд гаргана.
28.2.Ус ашиглах хүсэлтэд дараах бичиг баримтыг хавсаргана:
28.2.1.ашиглах усны эх үүсвэр, эсхүл рашааны эх булаг, түүний байршлыг харуулсан зураг;
28.2.2.ус, рашааны нөөц, чанар, найрлагыг тогтоосон хайгуул, судалгааны тайлан, ашиглах боломжит нөөцийн талаарх дүгнэлт;
28.2.3.хоногт ашиглах усны хэмжээ, зориулалт;
28.2.4.барилга байгууламжийн зураг, төсөл;
28.2.5.үйлдвэрлэлийн хүчин чадал, техник, эдийн засгийн үзүүлэлт;
28.2.6.байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайлан, дүгнэлт.
28.3.Рашаан ашиглах хүсэлт гаргахад энэ хуулийн 28.2-т зааснаас гадна дараах бичиг баримтыг нэмж хавсаргана:
28.3.1.усны мэргэжлийн байгууллагаар тогтоолгож, энэ хуулийн 4.5-д заасан усны нөөцийн зөвлөлөөр баталгаажуулсан рашааны хязгаарлалтын бүсийн зураг;
28.3.2.эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлт;
28.3.3.рашааныг хамгаалах, ашиглах төсөл.
28.4.Хоногт 100 шоометрээс их ус ашиглах, эрчим хүч, усан тээврийн зориулалтаар ашиглуулах дүгнэлтийг усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, 50-100 шоометр ус болон усан орчин ашиглуулах дүгнэлтийг сав газрын захиргаа, 50 шоометр хүртэлх ус ашиглуулах, хурын ус хуримтлуулж, хөв, цөөрөм байгуулах, суваг, шуудуу татах дүгнэлтийг аймаг, нийслэлийн байгаль орчны алба тус тус гаргана.
/Энэ хэсэгт 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
28.5.Энэ хуулийн 28.4-т заасан этгээд ус ашиглах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор дүгнэлт гаргана.
28.6.Энэ хуулийн 28.4-т заасан дүгнэлтийг үндэслэн ус ашиглах зөвшөөрлийг хоногт 100 шоометрээс их ус ашиглах тохиолдолд сав газрын захиргаа, хоногт 50-100 шоометр ус ашиглахад аймаг, нийслэлийн байгаль орчны алба, хоногт 50 шоометрээс бага ус ашиглахад сум, дүүргийн Засаг дарга олгож, усны мэдээллийн санд бүртгэнэ.
28.7.Хүн амын төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийн ус хангагч байгууллага нь усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаар дүгнэлт гаргуулж, сав газрын захиргаанаас ус ашиглах зөвшөөрөл авна.
/Энэ хэсэгт 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
28.8.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ус ашиглах зөвшөөрлийг 10 хүртэл жилийн хугацаагаар олгож, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ирсэн ус ашиглагчийн эрхийг тухай бүр 5 хүртэл жилээр сунгана.
28.9.Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглах зориулалт бүхий ус ашиглах зөвшөөрлийн хугацаа нь ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацаатай адил байна.
28.10.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрх нь өөрийн эзэмшлийн газар дахь ус ашиглах эрхийг төлөөлөхгүй.
28.11.Энэ хуулийн 28.6-д заасан зөвшөөрлийг үндэслэн ус ашиглах эрхийн бичиг олгож, гэрээ байгуулснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ус ашиглах эрх үүснэ.
28.12.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага усны нөөцийг гэрээний үндсэн дээр хамтран ашиглаж болно.
28.13.Улсын төсвийн хөрөнгөөр судалж тогтоосон усны нөөцийг ашиглах тохиолдолд усны эрэл, хайгуул, судалгааны зардлыг ус ашиглагчаар эргүүлэн төлүүлнэ.
28.14.Аж ахуйн нэгжийн өөрийн хөрөнгөөр олж илрүүлсэн усны ашиглалтын нөөцийн баталгаажуулсан хэмжээ нь зөвхөн тухайн аж ахуйн нэгжийн хэрэгжүүлэх төслийн үргэлжлэх хугацаа болон ашигтай ажиллах нөхцөлийг хангахаар байгаа тохиолдолд ус ашиглах эрхийг бусад аж ахуйн нэгжид давхардуулан олгохгүй.
28.15.Аж ахуйн нэгжийн өөрийн хөрөнгөөр олж илрүүлсэн усны ашиглах боломжит нөөц нь тухайн хэрэгжүүлэх төслийн усны хэрэгцээг бүрэн хангаж, илүү гарах нөхцөлд усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дүгнэлтийг үндэслэн бусад аж ахуйн нэгжийн хэрэгцээнд ашиглуулах бөгөөд усны эрэл, хайгуулын нийт зардлаас зөвхөн тухайн аж ахуйн нэгжид нийлүүлэх усны эрэл, хайгуулын ажилд зарцуулсан зардлыг нөхөн төлүүлж болно.
/Энэ хэсэгт 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
28.16.Энэ хуулийн 28.14, 28.15 дахь хэсэг нь унд, ахуйн болон байгаль хамгааллын зориулалтаар ашиглах усны харилцаанд хамаарахгүй.
28.17.Ус ашиглуулах дүгнэлт гаргах үйлчилгээний хөлс, ус ашиглах эрхийн бичиг, гэрээний загварыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
28.18.Ус ашиглуулах дүгнэлт, холбогдох зөвшөөрөлгүйгээр ус ашиглах, дур мэдэн цооног гаргахыг хориглоно.
28.19.Байгальд халтай технологи бүхий үйлдвэр, үйлчилгээний газарт ус ашиглуулах дүгнэлт гаргахыг хориглоно.