29 дугаар зүйл. Ус ашиглах гэрээ байгуулах, цуцлах

УСНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

29 дугаар зүйл. Ус ашиглах гэрээ байгуулах, цуцлах

29.1.Энэ хуулийн 28.6, 28.7-д заасан зөвшөөрлийг үндэслэн хүн амын төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрээс хангагдаж байгаа ус ашиглагчтай тухайн ус хангагч байгууллага, төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрээс хангагдаж байгаа ус ашиглагчтай сав газрын захиргаа, аймаг, нийслэлийн байгаль орчны алба, сум, дүүргийн Засаг дарга гэрээ байгуулна.

29.2.Ус ашиглах гэрээнд дараах зүйлийг тусгана:

29.2.1.ус ашиглуулах тухай шийдвэр;

29.2.2.ус ашиглах зориулалт, хоногт ашиглах усны хэмжээ, чанар, найрлага;

29.2.3.усны эх үүсвэрийн байршил, барилга байгууламжийн зураг, төсөл;

29.2.4.хаягдал усны хэмжээ, стандартын шаардлага, хаях цэг, байршил зэргийг заасан хаягдал ус зайлуулах зөвшөөрөл;

29.2.5.ус ашигласны нэгж төлбөрийн хэмжээ;

29.2.6.хаягдал усан дахь нэгж бохирдуулах бодист ногдох төлбөрийн хэмжээ;

29.2.7.усны эх үүсвэрийг хамгаалах, усны нөөц хомсдох, бохирдохоос сэргийлэх арга хэмжээ, түүнд зарцуулах хөрөнгийн хэмжээ;

29.2.8.гэрээ байгуулагч талуудын эрх, үүрэг;

29.2.9.шаардлагатай бусад зүйл.

29.3.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулсан ус ашиглах гэрээг дараах тохиолдолд зөвшөөрөл олгогчийн санаачилгаар хугацаанаас нь өмнө цуцална:

29.3.1.ус ашиглагчийн үүрэг болон гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй;

29.3.2.байгаль орчныг хамгаалах тухай болон усны тухай хууль тогтоомж зөрчсөн;

29.3.3.ус ашигласны болон бохирдуулсны төлбөрийг тогтоосон хугацаанд нь төлөөгүй;

29.3.4.усны эх үүсвэрийг бохирдуулсан;

29.3.5.усны тоолуур болон тохиргооны тоног төхөөрөмж суурилуулаагүй буюу ашигласан усны тооцоог хуурамчаар тооцсон;

29.3.6.сав газрын захиргааны шийдвэрээр.

29.4.Хүн амын ус хангамжийн аюулгүй байдлыг хангах үүднээс тухайн усны эх үүсвэрээс ашиглаж байгаа бусад ус ашиглагчийн эрхийг төр өөрийн санаачилгаар цуцалж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.