30 дугаар зүйл. Ус ашиглагчийн үүрэг, ус ашиглагчид тавигдах шаардлага
30.1.Ус ашиглагч дараах үүргийг хүлээнэ:
30.1.1.ус ашиглах зөвшөөрөл, гэрээнд заасан хэмжээнээс хэтрүүлэн ашиглахгүй байх;
30.1.2.хоногт 50 шоометрээс их ус ашиглагч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 31.7-д заасны дагуу дотоод хяналтын цэг, техник хэрэгсэлтэй байх ба усны хэрэглээ хариуцсан ус ашиглалтын менежер ажиллуулах;
30.1.3.хаягдал ус хаях, зайлуулах зөвшөөрөл авах, ашиглалтын явцад гарах бохир усыг хаягдал усны стандартын шаардлагад нийцүүлэн цэвэрлэж, төвлөрсөн ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх, эсхүл шууд зайлуулах;
30.1.4.ус авах цэг, газар доорх усны цооног, шугам хоолой бүрийг тоолууржуулах;
30.1.5.ус, рашааны нөөц ашигласны болон ус бохирдуулсны төлбөр төлөх;
30.2.Рашаан ашиглагч энэ хуулийн 30.1-д зааснаас гадна дараах үүргийг хүлээнэ:
30.2.1.рашаан, эрдэст нуур, эмчилгээний шаврын найрлага, чанарын үнэлгээний үзүүлэлтэд горимын ажиглалт хийлгэн баталгаажуулж, рашаан ашиглалтын бүртгэл хөтөлж, дүн мэдээг сав газрын захиргаанд хүргүүлэх;
30.2.2.үйл ажиллагаанаас гарах хаягдал ус, рашааныг цэвэрлэх байгууламж барьж ашиглах, эсхүл зайлуулах цэг тогтоолгох;
30.2.3.рашааны ордыг бохирдол, хомсдолоос хамгаалах зорилгоор рашааны эрүүл ахуйн болон хориглолтын бүсийн хил, заагийг мэдэгдэхүйцээр тэмдэгжүүлэх, хашиж хамгаалах.
30.3.Цацраг идэвхт бодис хэрэглэх үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын хаягдал ус цэвэрлэх байгууламж нь түүнийг бүрэн арилгах тусгай төхөөрөмжөөр тоноглогдсон байна.
30.4.Хот, суурины унд ахуйн төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэр, шугам сүлжээнээс үйлдвэрлэлийн зориулалттай усны эх үүсвэр, шугам сүлжээг тусгаарлана.
30.5.Биологийн нөөц хамгаалах байгууламжгүй болон усыг үргүй зарцуулж ууршуулах, газрын хөрсийг намагжих, давсжих, эвдрэхэд хүргэхээр усны барилга байгууламж, усан сан, далан, суваг байгуулахыг хориглоно.
30.6.Уул уурхайн олборлолтод ус ашиглах аж ахуйн нэгж, байгууллага ашигт малтмал баяжуулах усаа голын эрэг, голдирлыг үл хөндөн шахуурга, яндан хоолойгоор дамжуулан авна.