4 дугаар зүйл. Усны нөөцийн нэгдсэн менежмент

УСНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

4 дугаар зүйл. Усны нөөцийн нэгдсэн менежмент

4.1.Монгол Улсын нутаг дэвсгэр дэх усны нөөц нь стратегийн үнэт баялаг мөн.

4.2.Усны сан бүхий газрыг төрийн байгууллагын зохицуулалттайгаар нийтээр ашиглана.

4.3.Усыг ашиглах боломжит нөөцийн хүрээнд үр ашигтай, хэмнэлттэй байдлаар ашиглах зарчим баримтална.

4.4.Энэ хуулийн 21.1-д заасан мэргэжлийн байгууллага нь усны нөөц, түүнээс ашиглах боломжит нөөцийн хэмжээг хайгуул, судалгаагаар тогтооно.

4.5.Усны нийт нөөц, түүнээс ашиглах боломжит нөөцийн хэмжээг усны нөөцийн зөвлөл батална.

4.6.Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн усны нөөцийн зөвлөлийг байгуулж, дүрэм, бүрэлдэхүүнийг батална.

4.7.Усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь усны сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө /цаашид "сав газрын менежментийн төлөвлөгөө" гэх/-г энэ хуулийн 4.4-т заасан ашиглах боломжит нөөцийн хэмжээг үндэслэн боловсруулна.

/Энэ хэсэгт 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.8.Сав газрын менежментийн төлөвлөгөөг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

4.9.Гадаргын болон газрын доорх уснаас ашиглах боломжит нөөцийн дээд хязгаарыг усны сав газар /цаашид "сав газар" гэх/ бүрээр байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.

4.10.Энэ хуулийн 10.1.2-т заасан сав газар нь сав газрын захиргаатай байх бөгөөд сав газрын захиргааг мэргэжлийн удирдлагаар хангах үүргийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцна.

/Энэ хэсэгт 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4.11.Усны нөөц нь экологи-эдийн засгийн үнэлгээтэй байна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.