5 дугаар зүйл. Усны хайгуул, судалгаа
5.1.Энэ хуулийн 4.4-т заасан усны нөөц, түүнээс ашиглах боломжит нөөцийн хэмжээг тогтоох хайгуул, судалгааны ажлыг улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэнэ.
5.2.Тодорхой бүс нутгийн гидрогеологийн болон гидрологийн хайгуул судалгаа, улсын зэрэглэлтэй хот, бусад хот, тосгон, суурин газрын ус хангамжийн эх үүсвэрийн хайгуул, судалгаа явуулах шийдвэрийг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргаж, улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэнэ.
5.3.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах усны эх үүсвэрийн хайгуул, судалгаа явуулах шийдвэрийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гаргах бөгөөд энэ ажлыг захиалагч өөрийн хөрөнгөөр санхүүжүүлнэ.
/Энэ хэсэгт 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
5.4.Энэ хуулийн 5.2, 5.3-т заасан усны хайгуул, судалгаа явуулсан байгууллага нь хайгуул, судалгааны ажлын дүнг усны нөөцийн зөвлөлөөр баталгаажуулан, мэдээ, тайланг улсын усны мэдээллийн санд хүлээлгэн өгөх үүрэгтэй.
5.5.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.2-т заасан зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллага гадаадын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгоно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсэгт 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/