6 дугаар зүйл. Усны хяналт-шинжилгээний сүлжээ
6.1.Усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь усны нөөц, горим, чанарын төлөв байдал, өөрчлөлтөд байнгын ажиглалт, хэмжилт, судалгаа шинжилгээ хийж, үнэлгээ өгөх, мэдээллээр хангах зорилго бүхий усны хяналт-шинжилгээний нэгдсэн сүлжээг зохион байгуулж ажиллуулна.
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.2.Усны хяналт-шинжилгээний улсын нэгдсэн сүлжээ байнгын ажиллагаатай дараах хэсгээс бүрдэнэ:
6.2.1.улсын хяналт-шинжилгээний сүлжээ;
6.2.2.сав газрын хяналт-шинжилгээний нэгж;
6.2.3.аж ахуйн нэгж, байгууллагын дотоод хяналтын цэг.
6.3.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага усны хяналт-шинжилгээний хөтөлбөр, усны шинжилгээний аргачлалыг баталж, мэргэжлийн удирдлагаар хангах бөгөөд хяналт-шинжилгээний хөтөлбөрт усны сан бүхий газар, газрын доорх усны ордын нэр, хяналт-шинжилгээний харуул, өртөө, цооногийн тоо, байршил, шинжилгээний төрөл, арга зүй, хариуцан гүйцэтгэгчийг тус тус заана.
/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.4.Энэ хуулийн 6.2.1, 6.2.2-т заасан сүлжээ, нэгжийг тоног төхөөрөмжөөр хангах болон ажиллуулах үйл ажиллагааны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
6.5.Усны хяналт-шинжилгээний дүн мэдээг гүйцэтгэгч улсын усны мэдээллийн санд хүлээлгэн өгөх үүрэгтэй.