7 дугаар зүйл. Усны мэдээллийн сан, тоо бүртгэл
7.1.Улсын усны мэдээллийн сан нь гадаргын болон газрын доорх ус, рашааны төлөв байдал, орон зайн үзүүлэлт, усны нөөцийн нийт болон ашиглах боломжит хэмжээ, чанар, өөрчлөлт, хяналт-шинжилгээний дүн мэдээ, ус ашиглалт, хаягдал ус зайлуулахтай холбогдсон мэдээ, экологи-эдийн засгийн үнэлгээ, ус хэрэглэгч, ашиглагчийн тухай мэдээлэл, хайгуул, судалгааны тайлан, усны барилга байгууламжийн байршил, хүчин чадал, техникийн үзүүлэлт зэрэг мэдээллээс бүрдэнэ.
7.2.Улсын усны мэдээллийн сан бүрдүүлэх үзүүлэлт, хөтлөх журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
7.3.Усны тоо бүртгэлийг аймаг, сум, нийслэл, дүүргийн хэмжээнд тухайн шатны Засаг дарга жил бүр зохион байгуулж, улсын усны мэдээллийн санд оруулна. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
7.4.Усны мэдээллийн сангийн мэдээлэлд үндэслэн улсын усны төлөв байдлын тайланг жил бүр усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага гаргана.
/Энэ хэсэгт 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
7.5.Ус ашиглагч, хэрэглэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага усны мэдээллийн санг бүрдүүлэхтэй холбогдсон мэдээг усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон энэ хуулийн 17 дугаар зүйлд заасан сав газрын захиргаанд гаргаж өгөх үүрэгтэй.
/Энэ хэсэгт 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
УСНЫ ХАРИЛЦААНЫ ТАЛААРХ ТӨРИЙН БОЛОН БУСАД БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ