4 дугаар зүйл. Ус бохирдуулсны төлбөр төлөгч, түүнийг бүртгэх
4.1.Ус, рашааны нөөцийг ашиглан хаягдал ус гаргаж, усны найрлага, чанарт нөлөөлж байгаа ус бохирдуулагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ус бохирдуулсны төлбөр төлөгч байна.
4.2.Сав газрын захиргаа, эсхүл сум, дүүргийн Засаг дарга, орон нутгийн зэрэглэлтэй хотын Захирагчтай ус бохирдуулсны төлбөрийн гэрээ байгуулсан хот, суурин газрын ахуйн болон үйлдвэрийн хаягдал усыг цэвэрлэдэг хуулийн этгээд нь ус бохирдуулагчийн талаарх мэдээллийг харьяалах татварын албанд хаягдал ус хаях, зайлуулах зөвшөөрөл олгосон өдрөөс хойш нэг сарын дотор гарган өгч, татварын алба уг мэдээллийг үндэслэн төлбөр төлөгчийг бүртгэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
4.3.Сав газрын захиргаа, эсхүл сум, дүүргийн Засаг дарга, орон нутгийн зэрэглэлтэй хотын Захирагч энэ хуулийн 4.2 дахь хэсэгт зааснаас бусад ус бохирдуулагчийн талаарх мэдээллийг харьяалах татварын албанд хаягдал ус хаях, зайлуулах зөвшөөрөл олгосон өдрөөс хойш нэг сарын дотор гарган өгч, татварын алба уг мэдээллийг үндэслэн төлбөр төлөгчийг бүртгэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн./
4.4.Ус бохирдуулагчийн талаарх мэдээлэлд төлбөр төлөгчийн нэр, хаяг, байршил, ус бохирдуулагчийн иргэний бүртгэлийн болон хуулийн этгээдийн регистрийн дугаар, үйл ажиллагааны чиглэл, хаягдал усны эзлэхүүн, хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээ зэрэг татварын хяналтад шаардлагатай бусад үзүүлэлтийг тусгана. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийн дугаарт 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4.5.Иргэн, аж ахуй нэгж, байгууллагад хаягдал ус хаях зөвшөөрөл олгохтой холбогдсон харилцааг Усны тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу зохицуулна.
/Энэ хэсгийн дугаарт 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4.6.Ахуйн хэрэгцээнээс гарч байгаа хаягдал уснаас төлбөр авах журмыг энэ хуулийн 7.1-д заасныг үндэслэн бүс нутгийн хөгжлийн онцлогийг харгалзан Засгийн газар тогтоож болно. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
/Энэ хэсгийн дугаарт 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./