13 дугаар зүйл. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогч талуудын эрх, үүрэг
13.1.Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогч талууд дараах эрх эдэлнэ:
13.1.1.эвлэрүүлэн зуучлах журмаар маргаанаа зохицуулах талаар өөрийн хүсэл зоригийг аливаа дарамт, шахалтгүйгээр чөлөөтэй илэрхийлэх, эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар маргаанаа шийдвэрлүүлэхийг зөвшөөрөх, татгалзах;
13.1.2.тохиролцох асуудлын хүрээг чөлөөтэй сонгох, эвлэрэх, шаардлага болон нэхэмжлэлээсээ татгалзах, хүлээн зөвшөөрөх, биелүүлэх;
13.1.3.эвлэрүүлэн зуучлагчийг зөвшөөрөх, татгалзах, сонгох талаар хүсэлт гаргах;
13.1.4.эвлэрүүлэн зуучлах ажиллагааны арга, хэлбэрийг сонгох, уг ажиллагаанд байр сууриа тодорхойлох, хамгаалах, мэдээлэл авах, маргаанд холбогдох баримт сэлтийг гаргаж өгөх, маргааныг зохицуулах тохиролцооны нөхцөлийг үнэлэх;
13.1.5.эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үйл явц, түүний үр дагавар, эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурснаас үүсэх үр дагаврын талаар мэдээлэл авах;
13.1.6.эвлэрлийн гэрээг сайн дураар биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврын талаар мэдээлэл авах;
13.1.7.эвлэрүүлэн зуучлалын аль ч үед уг ажиллагаанаас татгалзах;
13.1.8.эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурах;
13.1.9.эвлэрүүлэн зуучлал амжилтгүй болсон тохиолдолд, эсхүл энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээний талаар шүүхэд нэхэмжлэл гаргах;
13.1.10.хуульд заасан бусад эрх.
13.2.Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогч талууд дараах үүрэг хүлээнэ:
13.2.1.эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурсан тохиолдолд уг гэрээгээр хүлээсэн үүргээ сайн дураар, шударгаар гүйцэтгэх;
13.2.2.энэ хуульд заасан журмын дагуу эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хураамж, ажлын хөлс, зайлшгүй зардлыг хариуцах;
13.2.3.эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд идэвх санаачилгатай оролцох, эвлэрүүлэн зуучлагчийн дуудлага, товлосон уулзалтад хүрэлцэн ирэх;
13.2.4.хуульд заасан бусад үүрэг.