14 дугаар зүйл. Эвлэрүүлэн зуучлагчийн эрх, үүрэг

ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

14 дугаар зүйл. Эвлэрүүлэн зуучлагчийн эрх, үүрэг

14.1.Эвлэрүүлэн зуучлагч дараах эрх эдэлнэ:

14.1.1.энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан эвлэрүүлэн зуучлагч маргааны шинж байдлаас шалтгаалан талуудтай харилцан тохиролцож ажлын хөлс авах, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны зардлыг төлүүлэх;

14.1.2.нууцлалыг хадгалах зарчмыг баримтлан үйл ажиллагааныхаа талаар олон нийтэд мэдээлэх;

14.1.3.энэ хуульд заасан журмыг дагаж мөрдөн эвлэрүүлэн зуучлах үйл явцыг зохион байгуулахдаа өөрийн арга, хэлбэрийг сонгон хэрэглэх, маргааныг шийдвэрлэх талаар талуудад зөвлөмж өгөх; /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

14.1.4.эвлэрүүлэн зуучлалд идэвхтэй оролцохыг талуудаас шаардах, талуудыг ганцаарчилсан болон хамтарсан уулзалтад дуудан ирүүлэх;

14.1.5. маргааныг шийдвэрлэх хувилбарыг талуудад санал болгох;

14.1.6.хуульд заасан бусад эрх.

14.2.Эвлэрүүлэн зуучлагч дараах үүрэг хүлээнэ:

14.2.1.хууль тогтоомжид заасны дагуу эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүй тохиолдолд түүнээс татгалзах;

14.2.2.эвлэрүүлэн зуучлах ажиллагааны зарчмыг чандлан сахиж, үйл ажиллагаагаа талуудын аль алины эрх, ашиг сонирхолд нийцүүлэн тэдний тэгш оролцоог хангаж явуулах;

14.2.3.талуудад эвлэрүүлэн зуучлалын үйл явц, түүний зорилго, үр дагаврын талаар мэдээлэл өгөх;

14.2.4.маргаанд ямар нэг хувийн ашиг сонирхолгүйгээр төвийг сахин, эвлэрүүлэн зуучлах үйл явцыг удирдах;

14.2.5.эвлэрүүлэн зуучлагчийн ёс зүйн дүрмийг чандлан сахих;

14.2.6.эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад талуудаас итгэмжлэн өгсөн баримт сэлтийг буцааж өгөх;

14.2.7.талуудын аль нэгэнд эрх зүйн зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэхгүй байх;

14.2.8.хэлэлцэж байгаа асуудал бүрд талуудын хүсэлтийг бататгаж, харилцан буулт хийх нөхцөлийг бүрдүүлэх;

14.2.9.эвлэрүүлэн зуучлалын үйл явцын талаар тэмдэглэл хөтлөх, талуудад асуулт тавих, тайлбарыг баримтжуулах;

14.2.10.хуульд заасан бусад үүрэг.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.