13 дугаар зүйл. Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаа
13.1.Хадгаламж, зээлийн үйл ажиллагааг Хорооноос олгосон тусгай зөвшөөрөл, хуульд нийцүүлэн баталсан дүрэм, журам, нөхцөл шаардлагын үндсэн дээр эрхэлнэ.
13.2.Хадгаламж, зээлийн хоршоо улсын бүртгэлд бүртгүүлсэн нь хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх үндэслэл болохгүй.
13.3.Хадгаламж, зээлийн хоршоог тодорхой хугацаагаар, эсхүл тодорхой бус хугацаагаар байгуулж болно. Хадгаламж, зээлийн хоршооны дүрэмд тодорхой хугацаа заагаагүй бол тухайн хадгаламж, зээлийн хоршоог тодорхой бус хугацаагаар байгуулсанд тооцно.
13.4.Хадгаламж, зээлийн хоршоо нь Хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр мөнгөн хадгаламж, зээлийн үйл ажиллагааг эрхэлнэ.
13.5.Хадгаламж, зээлийн хоршоо нь Хорооноос зөвшөөрсөн, хууль тогтоомжоор хориглоогүй санхүүгийн бусад ажил, үйлчилгээг эрхэлж болно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
13.6.Хадгаламж, зээлийн хоршоо нь энэ хуулийн 13.4-т зааснаас бусад үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
13.7.Хадгаламж, зээлийн хоршоо нь Хорооноос тогтоосон хадгаламж, зээлийн үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг тогтмол хангаж, ажиллана.
13.8.Хадгаламж, зээлийн хоршоо нь өөрийн үйл ажиллагааны улмаас үүссэн үүргийг эхний ээлжинд хоршооны гишүүдийн оруулсан хувь хөрөнгөөс бусад хөрөнгөөр, уг хөрөнгө нь хүрэлцэхгүй тохиолдолд хадгаламж, зээлийн хоршооны гишүүний оруулсан хувь хөрөнгөөр хангана.
13.9.Хадгаламж, зээлийн хоршооны салбар байгуулах асуудлыг Хорооноос баталсан журмаар зохицуулна.
13.10.Хадгаламж, зээлийн хоршоо нь өөрийн гишүүний бусдын өмнө хүлээх үүргийг хариуцахгүй.
13.11.Хадгаламж, зээлийн хоршоо нь бусдын өмнө хүлээх төрийн үүргийг хариуцахгүй бөгөөд төр нь хадгаламж, зээлийн хоршооны бусдын өмнө хүлээх үүргийг хариуцахгүй.