14 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг
14.1.Тэргүүлэгчдийн зөвлөл нь тухайн хадгаламж, зээлийн хоршоог хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээс хойш ажлын 30 өдөрт хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх нөхцөл, шаардлагыг хангасан болохыг нотлох дараах баримт бичгийг бүрдүүлж Хороонд ирүүлнэ:
14.1.1.Хорооноос баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;
14.1.2.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ;
14.1.3.үүсгэн байгуулах хурлаас гаргасан үүсгэн байгуулах тухай шийдвэр;
14.1.4.үүсгэн байгуулагчдын хооронд байгуулсан үүсгэн байгуулах тухай гэрээ;
14.1.5.үүсгэн байгуулагчдын талаарх мэдээлэл;
14.1.6.хадгаламж, зээлийн хоршооны дүрэм;
14.1.7.хадгаламж, зээлийн хоршооны өөрийн хөрөнгийн хэмжээ;
14.1.8.үйл ажиллагааны бизнес төлөвлөгөө;
14.1.9.хадгаламжийн үйл ажиллагааны журам;
14.1.10.зээлийн хороо болон зээлийн үйл ажиллагааны журам;
14.1.11.эхлэлтийн баланс;
14.1.12.тэргүүлэгчид, хяналтын зөвлөл, зээлийн хорооны гишүүн, гүйцэтгэх захирал, нягтлан бодогчийн мэргэжил, мэргэшил, ур чадварын талаарх мэдээлэл;
14.1.13.үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдэлээс хамгаалах арга хэмжээний талаарх мэдээлэл;
14.1.14.энэ хуулийн 15.3-т заасан журмаар тогтоосон нөхцөл, шаардлагыг хангасныг нотлох бусад баримт бичиг.