15 дугаар зүйл. Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох

ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХОРШООНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

15 дугаар зүйл. Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох

15.1.Хороо нь энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, холбогдох бусад баримт бичгийг хянан үзэж, тусгай зөвшөөрөл олгох эсэх тухай асуудлыг бүрэн гүйцэд баримт бичиг хүлээн авснаас хойш ажлын 45 өдрийн дотор шийдвэрлэнэ. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

15.2.Энэ хуулийн 13.4-т заасан үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах нөхцөл, шаардлага, тэдгээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох, хэрэгжилтэд хяналт тавих, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбогдсон нөхцөл, шаардлагыг Хороо тогтооно.

15.3.Хороо нь дараах нөхцөл, шаардлагыг хангасан хадгаламж, зээлийн хоршоонд тусгай зөвшөөрөл олгоно:

15.3.1.өргөдөл, түүний бүрдэл баримт бичиг нь хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан;

15.3.2.тухайн хадгаламж, зээлийн хоршооны тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл, зээлийн хороо, тэдгээрийн гишүүд, гүйцэтгэх захирал, ажилтан нь хуульд заасан шаардлагыг хангасан;

15.3.3.үйл ажиллагааны бизнес төлөвлөгөө нь бодитой, үйл ажиллагаанаас учирч болзошгүй эрсдэлээс хамгаалах арга хэмжээг тусгасан;

15.3.4.энэ хуулийн 15.2-т заасны дагуу Хорооноос тогтоосон, энэ хуулийн 13.4-т заасан үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах нөхцөл, шаардлагыг хангасан.

15.4.Энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй хадгаламж, зээлийн хоршоонд Хороо тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр гаргаж, энэ тухай үндэслэл бүхий хариу өгнө.

15.5.Тусгай зөвшөөрлийг хугацаагүй олгох ба уг зөвшөөрөл нь олгосон өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15.6.Өргөдөл гаргагч нь Хорооны тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол шийдвэр хүлээн авснаас хойш ажлын 15 хоногийн дотор гомдлоо Хорооны дэргэдэх хяналтын зөвлөлд гаргана. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

15.7.Хороо тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан бол Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 9, 10 дахь хэсэгт заасан арга хэмжээг авахаас гадна тухайн хадгаламж, зээлийн хоршоог татан буулгах, эсхүл хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах тухай мэдэгдлийг тухайн хадгаламж, зээлийн хоршоонд, мэдээллийг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн эрх бүхий байгууллагад хүргүүлнэ. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

15.8.Хадгаламж, зээлийн хоршоог хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш энэ хуулийн 14.1-д заасан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тусгай зөвшөөрөл хүсэх тухай өргөдөл гаргаагүй, эсхүл уг хугацаанд тухайн хадгаламж, зээлийн хоршооны эрх бүхий этгээд хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах хүсэлт гаргаагүй нь тухайн хадгаламж, зээлийн хоршоог шүүх татан буулгах үндэслэл болно.

15.9.Хорооноос тусгай зөвшөөрөл олгосноос хойш нэг жилийн хугацаанд тусгай зөвшөөрлөөр олгогдсон үйл ажиллагааг эрхлээгүй, эсхүл эрхэлсэн боловч үйл ажиллагаа нь нэг жилийн хугацаанд тасалдсан хадгаламж, зээлийн хоршооны тусгай зөвшөөрлийг Хороо хүчингүй болгож болно. Тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсноос хойш гурван сарын дотор тусгай зөвшөөрөл авахаар Хороонд дахин хандаагүй, эсхүл хандсан боловч Хороо тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан бол уг хадгаламж, зээлийн хоршоог Хорооны хүсэлтээр шүүх татан буулгаж болно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.