19 дугаар зүйл. Хадгаламж, зээлийн хоршооны гишүүнчлэл

ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХОРШООНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

19 дугаар зүйл. Хадгаламж, зээлийн хоршооны гишүүнчлэл

19.1.Хадгаламж, зээлийн хоршоо нь 20-оос доошгүй гишүүнтэй байна.

19.2.Энэ хууль болон түүнд нийцүүлэн баталсан тухайн хадгаламж, зээлийн хоршооны дүрмээр тогтоосон шаардлагыг хангасан эрх зүйн бүрэн чадамж бүхий Монгол Улсын иргэн, хуулийн этгээд хоршооны гишүүнээр элсэж болно.

19.3.Хадгаламж, зээлийн хоршооны гишүүн дор дурдсан нөхцөлийн аль нэгийг нь хангасан байна;

19.3.1.ажил, мэргэжил нэгтэй, нэг байгууллагын ажилчид эсхүл нэг дүүрэг, худалдааны төвд үйл ажиллагаа эрхэлдэг;

19.3.2.үйл ажиллагааны чиглэл адил нийгэмлэг, холбоонд гишүүнчлэлтэй /шашин, нийгмийн, хоршооллын, ажил, хөдөлмөрийн, эсхүл боловсролын бүлэг зэрэг/;

19.3.3.нэг аймаг, хот, дүүрэгт амьдардаг.

19.4.Хадгаламж, зээлийн хоршооны гишүүний гэр бүл, төрөл садангийн хүмүүс тухайн хадгаламж, зээлийн хоршоонд гишүүнээр элсэж болно. Энэ тохиолдолд нэгдмэл сонирхолтой этгээд болохоо хадгаламж, зээлийн хоршоонд урьдчилан мэдэгдэнэ.

19.5.Нийт гишүүний 10-аас дээшгүй хувь нь хуулийн этгээд байж болно.

19.6.Энэ хуулийн 19.1-19.4-т заасан гишүүнээр элсэхэд тавигдах шаардлагад нийцүүлэн бусад шаардлагыг хадгаламж, зээлийн хоршоо өөрийн дүрмээр тогтоож болно.

19.7.Хадгаламж, зээлийн хоршооны гишүүдийн тоо энэ хуулийн 19.1-д заасан хязгаарт хүрэхгүй болсон тохиолдолд тэргүүлэгчдийн зөвлөл бүх гишүүдийн хурлыг ажлын 30 өдрийн дотор хуралдуулж, татан буулгах эсэх асуудлыг хэлэлцүүлнэ.

19.8.Хадгаламж, зээлийн хоршооны гишүүн өөрийн хадгаламж, зээлийн хоршоонд төлөх өр төлбөр, үүргийн гүйцэтгэлийг биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй бол түүний хадгалуулсан хөрөнгийг үүргийн гүйцэтгэлийн барьцаа болгож, үүргийн гүйцэтгэлийн хэмжээгээр аливаа гүйлгээ хийхийг хориглоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.