18 дугаар зүйл. Хадгаламж, зээлийн үйл ажиллагаанд хориглох зүйл

ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХОРШООНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

18 дугаар зүйл. Хадгаламж, зээлийн үйл ажиллагаанд хориглох зүйл

18.1.Хадгаламж, зээлийн үйл ажиллагаанд дор дурдсан зүйлийг хориглоно:

18.1.1.энэ хуулийн 13.4-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аваагүй, эсхүл тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлсэн буюу хүчингүй болгосноос хойш хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх;

18.1.2.гишүүн бус этгээдэд зээл олгох, мөнгөн хадгаламж татах;

18.1.3.банк, санхүүгийн байгууллага, төсөл болон хөтөлбөрөөс бусад этгээдээс зээл, зээлтэй адилтгах нөхцөлөөр аливаа хөрөнгө татан төвлөрүүлэх;

18.1.4.хадгаламж, зээлийн хоршооны санхүүгийн тайланд тусгагдаагүй хөрөнгийн эх үүсвэрийг хадгаламж, зээлийн үйл ажиллагаанд ашиглах;

18.1.5.зээлийн барьцааны зүйлийг зээл төлүүлэхээс бусад зорилгоор ашиглах, захиран зарцуулах;

18.1.6.хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагааны амжилт, орлогын талаар таамаглал дэвшүүлсэн, эсхүл орлого, хонжвор амласан, татан төвлөрүүлэх хадгаламжийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор аливаа зар сурталчилгаа хийх, хадгаламжийн болон зээлийн хүүг нийтэд сурталчлах;

18.1.7.татан төвлөрүүлэх хадгаламжийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор гишүүд болон нийтийн дунд төлбөрт таавар, бооцоот тоглоом болон аливаа хэлбэрийн хонжвор бүхий сугалаа зохион байгуулах;

18.1.8.өөрийн үйл ажиллагааны талаар буруу ташаа мэдээлэл нийтэд тараах;

18.1.9.хуулийн этгээдэд хувь нийлүүлэх;

18.1.10.бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэснээс бусад тохиолдолд гишүүн болон гишүүн бус этгээдэд хандив өгөх.

18.2.Хадгаламж зээлийн хоршооны гишүүний талаарх мэдээллийг дор дурдсанаас бусад тохиолдолд бусдад задруулахыг хориглоно:

18.2.1.тухайн гишүүн зөвшөөрсөн;

18.2.3.Хороо, шүүх, цагдаа, прокурор зэрэг эрх бүхий байгууллагаас хүсэлт гаргасан.

18.3.Энэ хуулийн 18.1, 18.2-т заасныг зөрчсөн үйлдэл нь тухайн хадгаламж, зээлийн хоршооны тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох үндэслэл болно.

18.4.Хорооноос тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон өдрөөс эхлэн тухайн хадгаламж, зээлийн хоршоо гишүүдээсээ нэмж хадгаламж авах, зээл олгохыг хориглоно. Гагцхүү тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон өдрөөс өмнө олгосон зээлийн эргэн төлөлтийг хангах, уг өдрөөс өмнө татан төвлөрүүлсэн хадгаламжийг эргэн төлөх ажиллагааг эрхэлж болно.

18.5.Тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл, зээлийн хорооны гишүүдэд хадгаламж, зээлийн хоршооноос цалин олгохгүй бөгөөд тэдгээрийн сонгуульт үүрэгтэй холбогдон гарсан зардлыг хадгаламж, зээлийн хоршооноос олгоно.

ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХОРШООНЫ ГИШҮҮНЧЛЭЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.