17 дугаар зүйл. Хадгаламж, зээлийн хоршооны зээлийн үйл ажиллагаа
17.1.Хадгаламж, зээлийн хоршоо нь энэ хууль болон хадгаламж, зээлийн хоршооны дүрэм, зээлийн үйл ажиллагааны журамд заасны дагуу зөвхөн гишүүддээ зээл олгож болно.
17.2.Зээлийн хэмжээ, зээлийн зориулалт, төрөл, хугацаа болон зээлийн хүүгийн хэмжээг хадгаламж, зээлийн хоршооны дүрэм, эсхүл тэргүүлэгчдийн зөвлөлөөс тогтоож болно.
17.3.Хадгаламж, зээлийн хоршоо олгосон зээлийнхээ чанарт тогтмол хяналт тавьж, болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор зээлийн эрсдэлийн санг зохих журмын дагуу тогтоосон хэмжээгээр тухай бүр байгуулж, ажиллах үүрэгтэй.
17.4.Нэг гишүүн болон нэгдмэл сонирхолтой этгээдэд олгох зээлийн хэмжээг Хорооноос тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтээр тогтооно.
17.5.Хадгаламж, зээлийн хоршооны дүрэмд өөрөөр заагаагүй бол гишүүддээ олгох зээл нь барьцаа, батлан даалт зэрэг хуулиар хориглоогүй үүргийн гүйцэтгэлийг хангах аргаар хангагдсан байна.
17.6.Энэ хуулийн 16.4-т заасны дагуу зээл олгосон тохиолдолд тухайн гишүүний хадгаламжаас хийж болох гүйлгээг түүнд олгосон зээлийн төлөгдөөгүй хэмжээгээр хязгаарлана.
17.7.Гишүүний оруулсан хувь хөрөнгийг барьцаалан зээл олгохыг хориглоно.
17.8.Хадгаламж, зээлийн хоршоо нь зээлийн гэрээг Иргэний хуульд заасны дагуу байгуулах ба уг зээлийн гэрээнд Иргэний хуулийн 452.2-т заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцохоор зааж болно. Хоршооноос олгох зээлд анзыг хэрэглэхгүй.
17.9.Тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл, зээлийн хорооны гишүүд, гишүүнчлэл бүхий гүйцэтгэх захирал, ажилтанд зээл олгоход тэдгээрийн хашиж буй албан тушаалаас нь хамаарч аливаа давуу байдал, эсхүл хөнгөлөлт эдлүүлж болохгүй.
17.10.Тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл, зээлийн хорооны гишүүд, гишүүнчлэл бүхий гүйцэтгэх захирал, ажилтан, тэдгээртэй нэгдмэл сонирхолтой этгээдэд зээл олгох асуудлыг шийдвэрлэх ажиллагаанд тухайн албан тушаалтан оролцохыг хориглоно.