29 дугаар зүйл. Бүх гишүүдийн хурал

ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХОРШООНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

29 дугаар зүйл. Бүх гишүүдийн хурал

29.1.Хадгаламж, зээлийн хоршооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна.

29.2.Хадгаламж, зээлийн хоршооны бүх гишүүдийн хурал дор дурдсан бүрэн эрхтэй байна:

29.2.1.хадгаламж, зээлийн хоршооны дүрмийг батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах;

29.2.2.хадгаламж, зээлийн хоршооны бүтэц, зохион байгуулалт, санхүүгийн жилийн үйл ажиллагааны төсвийг баталгаажуулах;

29.2.3.хадгаламж, зээлийн хоршоо үүсгэн байгуулах, үйл ажиллагааны тайланг хэлэлцэх, батлах;

29.2.4.тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох, чөлөөлөх, огцруулах;

29.2.5.хадгаламжийн болон зээлийн үйл ажиллагааны бодлогыг батлах;

29.2.6.тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл, зээлийн хороо, бусад үйл ажиллагааны дотоод журмыг батлах;

29.2.7.тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөлийн гишүүдийн үйл ажиллагааны талаар гишүүдээс гаргасан гомдол, саналыг авч хэлэлцэх;

29.2.8.гишүүний оруулах хувь хөрөнгийн дээд ба доод хэмжээг энэ хуулийн 43.2-т заасан хязгаарын хүрээнд тогтоох, өөрчлөх;

29.2.9.тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл, дотоод аудитын үйл ажиллагааны зардлын хязгаар, урамшууллын хэмжээг тогтоох;

29.2.10.хуульд өөрөөр заагаагүй бол хадгаламж, зээлийн хоршоодын холбоонд гишүүнээр элсэх, гишүүнээс гарах асуудлыг шийдвэрлэх;

29.2.11.хадгаламж, зээлийн хоршоог хөгжүүлэх бодлого, бизнес төлөвлөгөөг батлах, түүний хэрэгжилтэд хяналт тавих;

29.2.12.жилийн санхүүгийн тайлан тэнцлийг батлах, тухайн жилийн хоршооны орлого хуваарилах, алдагдал нөхөх талаар шийдвэр гаргах;

29.2.13.өөрийн хөрөнгийн болон нөөц хөрөнгийн хэмжээг тогтоох, алдагдлыг нөөц хөрөнгөөс нөхөх талаар шийдвэр гаргах;

29.2.14.тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэх;

29.2.15.өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргах;

29.2.16.хууль, дүрэмд заасан бусад асуудал.

29.3.Хяналтын зөвлөл нь бүх гишүүдийн ээлжит болон ээлжит бус хурлаар хадгаламж, зээлийн хоршооны дотоод ил тод байдлын талаарх энэ хууль болон дүрмээр тогтоосон хэм хэмжээний хэрэгжилт, хадгаламж, зээлийн үйл ажиллагаа, санхүүгийн байдал, Хорооноос тогтоосон үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хэрхэн хангаж байгаа талаарх дүгнэлтийг заавал хэлэлцүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.