32 дугаар зүйл. Бүх гишүүдийн хурлын ирц, хурлаас шийдвэр гаргах
32.1.Нийт саналын эрхтэй гишүүн бүрт бүх гишүүдийн хурлын зарыг албан ёсоор хүргэсэн байх ба хурлын зарын талаар хуралд ирсэн гишүүдэд танилцуулна. Хадгаламж, зээлийн хоршоо 100 хүртэл гишүүдтэй бол бүх гишүүдийн хурал нь нийт гишүүний тавиас доошгүй хувь нь оролцсоноор, 101-ээс дээш бол нийт гишүүдийн хориос доошгүй хувь нь оролцсоноор хүчин төгөлдөр болно.
32.2.Энэ хуулийн 32.1-д заасан ирц хүрээгүй бүх гишүүдийн хурлыг ажлын 20 өдрийн дотор дахин зарлан хуралдуулах ба хурал хуралдахаас ажлын таваас доошгүй өдрийн өмнө хурлын зар болон хэлэлцэх асуудлын жагсаалтыг гишүүдэд хүргэнэ.
32.3.Бүх гишүүдийн хурлын шийдвэрийг хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар гаргана. Бүх гишүүдийн хурлын шийдвэр нь тогтоол хэлбэртэй байх ба шийдвэрт тэргүүлэгчдийн зөвлөлийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна.
32.4.Оруулсан хувь хөрөнгийн хэмжээнээс үл хамаарч гишүүн бүр саналын нэг эрхтэй оролцоно.
32.5.Тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөлийн гишүүдийг нууц санал хураалтын үндсэн дээр сонгох ба бусад асуудлыг дүрэмд заасан санал хураах журмын дагуу шийдвэрлэнэ.
32.6.Гишүүн нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас бүх гишүүдийн хуралд биечлэн оролцох боломжгүй бол саналаа бичгээр, эсхүл цахим хэлбэрээр ирүүлж болно. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
32.7.Бүх гишүүдийн хурлын зарыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсэн боловч хуралд ирээгүйгээс үүсэх хариуцлагыг хадгаламж, зээлийн хоршоо, тэргүүлэгчдийн зөвлөл хариуцахгүй.
32.8.Гишүүн нь энэ хуулийн 26.2.5-д заасны дагуу өөрийн оршин суугаа газрын хаягийн өөрчлөлтийг мэдэгдээгүйгээс үүсэх хариуцлагыг тухайн хадгаламж, зээлийн хоршоо, тэргүүлэгчдийн зөвлөл хариуцахгүй.