34 дугаар зүйл. Тэргүүлэгчдийн зөвлөл

ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХОРШООНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

34 дугаар зүйл. Тэргүүлэгчдийн зөвлөл

34.1.Бүх гишүүдийн хурлын чөлөөт цагт хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагааг тэргүүлэгчдийн зөвлөл удирдаж, үйл ажиллагаагаа бүх гишүүдийн хуралд тайлагнана.

34.2.Тэргүүлэгчдийн зөвлөл нь гурваас доошгүй сондгой тооны гишүүдийн бүрэлдэхүүнтэй байх ба тэдгээрийг бүх гишүүдийн хурлаас сонгоно.

34.3.Тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүнээр дор дурдсан шаардлагыг хангасан тухайн хадгаламж, зээлийн хоршооны гишүүнийг сонгоно:

34.3.1.хугацаа хэтэрсэн зээлийн өргүй;

34.3.2.ял шийтгэлгүй;

34.3.3.тухайн сонгуульт ажлыг хашихад харшлах зүйлгүй;

34.3.4.сүүлийн гурван жилийн хугацаанд санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаад дампуурсан хуулийн этгээдийн удирдлагад ажиллаагүй.

34.4.Хадгаламж, зээлийн хоршооны тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүн нь банк, санхүү, хуулийн мэргэжилтэй, эсхүл орон нутгийн хөгжил, хоршооны талаар мэдлэг, туршлагатай байвал зохино.

34.5.Тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүнээр хяналтын зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх захирал, ажилтныг сонгохыг хориглоно.

34.6.Тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа гурав хүртэл жил байна.

34.7.Хадгаламж, зээлийн хоршооны дүрэмд заасан бол тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүнийг хэсэгчлэн болон нөөц гишүүнтэйгээр сонгож болно. Энэ тохиолдолд тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүнийг хэсэгчлэн сонгох, нөөц гишүүн сонгох болон уг гишүүний бүрэн эрх үүсэхтэй холбогдсон зохицуулалтыг хадгаламж, зээлийн хоршооны дүрэмд тусгана.

34.8.Тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүдээс зөвлөлийн даргыг сонгоно. Тэргүүлэгчдийн зөвлөлийн дарга нь хоршооны дарга байна.

34.9.Тэргүүлэгчдийн зөвлөл нь 30 хоногт нэгээс доошгүй удаа хуралдах ба олонхийн саналаар шийдвэр гаргана. Тэргүүлэгчдийн зөвлөлийн шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна.

34.10.Тэргүүлэгчдийн зөвлөлийн хуралд гурав буюу түүнээс дээш удаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй, хууль, хадгаламж, зээлийн хоршооны дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүнийг тэргүүлэгчдийн зөвлөл бусад гишүүдийнхээ дийлэнх олонхийн саналаар эрхийг нь түдгэлзүүлж болох ба түдгэлзүүлснээс хойш ажлын 45 өдрийн дотор түүнийг эргүүлэн татах асуудлыг тэргүүлэгчдийн зөвлөл бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлэх үүрэгтэй.

34.11.Тухайн хадгаламж, зээлийн хоршоонд хугацаа хэтэрсэн зээлийн өртэй тэргүүлэгчдийн зөвлөлөөс бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүн нь тэргүүлэгчдийн зөвлөлийн хуралд саналын эрх эдлэхгүй.

34.12.Тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүн ажил үүргийн хүрээнд авсан мэдээллийн нууцлалыг чандлан хадгалах үүрэгтэй.

34.13.Тэргүүлэгчдийн зөвлөл, түүний гишүүний бүрэн эрх, тэргүүлэгчдийн зөвлөлийн ажиллах зарчмыг хадгаламж, зээлийн хоршооны дүрмээр нарийвчлан тодорхойлно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.