35 дугаар зүйл. Тэргүүлэгчдийн зөвлөлийн бүрэн эрх
35.1.Тэргүүлэгчдийн зөвлөл нь дараах бүрэн эрхтэй байна:
35.1.1.хадгаламж, зээлийн хоршоог хөгжүүлэх бодлого, бизнес төлөвлөгөөг боловсруулж бүх гишүүдийн хурлаар батлуулах;
35.1.2.хууль, хадгаламж, зээлийн хоршооны дүрэм, журмын хэрэгжилтийг нь хангуулах;
35.1.3.хадгаламж, зээлийн хоршоо нь үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа эсэхэд хяналт тавих;
35.1.4.хадгаламж, зээлийн журмыг батлах, хүүг тогтоох;
35.1.5.нягтлан бодох бүртгэлийг хууль тогтоомжийн дагуу хөтлүүлж, жилийн санхүүгийн тайланг хяналтын зөвлөл болон бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлэх;
35.1.6.жилийн орлогоос алдагдлыг нөхөх, нөөцийн сан, хадгаламж хамгаалалтын болон тогтворжилтын сангийн шимтгэлийг бүрдүүлэх, гишүүдэд хүртээх хувь хөрөнгийн хэмжээний талаар санал боловсруулж, бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлэн батлуулах;
35.1.7.жил, улирлын санхүүгийн тайлан болон урьдчилсан тооцоогоор үүсэж болзошгүй алдагдлыг нөөцийн сангийн хөрөнгөөр нөхөх боломжгүй, эсхүл хадгаламж, зээлийн хоршоо нь санхүү, төлбөрийн чадвар муудсан, өөрийн хөрөнгөгүй болсон бол энэ тухай Хороонд мэдэгдэж, бүх гишүүдийн хурлаар уг асуудлыг нэн даруй хэлэлцүүлэх;
35.1.8.бүх гишүүдийн хурлаас баталсан үйл ажиллагааны жилийн төсвийн зарцуулалтад хяналт тавих;
35.1.9.сүүлчийн санхүүгийн тайлангийн нийт активын 10 хувиас дээш хэмжээтэй нэг буюу хоорондоо шууд хамаарал бүхий хэд хэдэн хэлцэл хийх шийдвэр гаргах, ашиг сонирхлын зөрчил бүхий үйлдэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх;
35.1.10.бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулах бэлтгэл ажлыг зохион байгуулах;
35.1.11.бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэхээр хадгаламж, зээлийн хоршооны дүрэмд заагаагүй бол шинэ гишүүн элсүүлэх асуудлыг шийдвэрлэх, гишүүний эрхийг түдгэлзүүлэх, идэвхгүй гишүүнд тооцох;
35.1.12.хадгаламж, зээлийн хоршооны гишүүн гишүүнээс гарах, эсхүл өөрийн оруулсан хувь хөрөнгөө бусдад шилжүүлэх тухай өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх;
35.1.13.энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан этгээдтэй зохих журмын дагуу тооцоо хийх;
35.1.14.гишүүний бүртгэлийг хөтлөх, холбогдох өөрчлөлтийг тухай бүрд хийж, гишүүдийн тоо хуулиар тогтоосон доод хязгаарт хүрэхгүй болсон тохиолдолд энэ талаар Хороонд мэдэгдэж зохих арга хэмжээг авах;
35.1.15.дүрэмд бүх гишүүдийн хурлаас байгуулахаар заагаагүй бол зээлийн хороо болон бусад хороог байгуулах, тэдгээрийн гишүүдийг томилох, үйл ажиллагаанд нь хяналт тавих;
35.1.16.гүйцэтгэх захирлыг томилох, түүнтэй гэрээ байгуулах, үйл ажиллагаанд хяналт тавих;
35.1.17.үүсгэн байгуулах хурлаас үүсгэн байгуулах тухай шийдвэр гарсны дараа тухайн хадгаламж, зээлийн хоршоог хуулийн этгээдийн улсын бүртгэлд шинээр бүртгүүлэх, өөрчлөлт гарсан тухай бүр холбогдох өөрчлөлтийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх;
35.1.18.хяналтын зөвлөл, зээлийн хорооны гишүүн, гишүүнчлэл бүхий гүйцэтгэх захирал, ажилтанд зээл олгох зөвшөөрлийг олгох, зээлийн гэрээний хэрэгжилтэд хяналт тавих;
35.1.19.хуулиар бүх гишүүдийн хурал, хяналтын зөвлөлийн эрх хэмжээнд хамааруулснаас бусад асуудлыг авч хэлэлцэх, шийдвэр гаргах;
35.1.20.төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг хангах зорилгоор банк, банк бус санхүүгийн байгууллага, эсхүл төсөл, хөтөлбөрийн хүрээнд богино хугацаатай хөрөнгийн эх үүсвэрийг зохистой харьцааны шалгуур үзүүлэлтэд заасан хэмжээнээс хэтрүүлэхгүй авах шийдвэр гаргах.