36 дугаар зүйл. Хяналтын зөвлөл
36.1.Хяналтын зөвлөл нь хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаанд дотоод хяналтыг хэрэгжүүлж, үйл ажиллагаагаа бүх гишүүдийн хуралд тайлагнана.
36.2.Хяналтын зөвлөлийг гурваас доошгүй сондгой тооны гишүүний бүрэлдэхүүнтэйгээр бүх гишүүдийн хурлаас байгуулна.
36.3.Хадгаламж, зээлийн хоршооны дүрэмд заасан бол хяналтын зөвлөлийн гишүүнийг хэсэгчлэн болон нөөц гишүүнтэйгээр сонгож болно. Энэ тохиолдолд хяналтын зөвлөлийн гишүүнийг хэсэгчлэн сонгох, нөөц гишүүн сонгох болон уг гишүүний бүрэн эрх үүсэхтэй холбогдсон зохицуулалтыг хадгаламж, зээлийн хоршооны дүрэмд тусгана.
36.4.Хяналтын зөвлөлийн гишүүн нь тэргүүлэгчдийн зөвлөл, зээлийн хороо, гүйцэтгэх захирал, ажилтан байхыг хориглох ба заавал тухайн хадгаламж, зээлийн хоршооны гишүүн байна.
36.5.Хяналтын зөвлөлийн гишүүнд энэ хуулийн 34.3, 34.4, 34.11-д заасан шаардлага нэг адил хамаарна.
36.6.Хяналтын зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа гурав хүртэл жил байна. Хяналтын зөвлөлийн гишүүдээс Хяналтын зөвлөлийн даргыг сонгоно.
36.7.Хяналтын зөвлөлийн хурлыг дарга, түүний эзгүйд түүний томилсон хяналтын зөвлөлийн гишүүн зарлан хуралдуулна.
36.8.Хяналтын зөвлөлийн хурал нь гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр хүчин төгөлдөр болно.
36.9.Хяналтын зөвлөл нь хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэр гаргах ба тухайн шийдвэрт дэмжсэн санал өгсөн гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна.
36.10.Хяналтын зөвлөл нь улиралд хоёроос доошгүй удаа хуралдана.
36.11.Тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөлийн гишүүдийн олонх нь хяналтын зөвлөлийг хуралдуулах тухай санал гаргасан, эсхүл хяналтын зөвлөлийн дарга шаардлагатай гэж үзсэн тохиолдолд хяналтын зөвлөлийн хурлыг хэдийд ч зарлан хуралдуулж болно.