37 дугаар зүйл. Хяналтын зөвлөлийн бүрэн эрх
37.1 Хяналтын зөвлөл нь дараах бүрэн эрхтэй байна:
37.1.1.тэргүүлэгчдийн зөвлөл, зээлийн хороо, гүйцэтгэх захирлын үйл ажиллагаанд хяналт тавих, Хороо, бүх гишүүдийн хурал болон хяналтын зөвлөлөөс өгсөн үүрэг даалгавар, шийдвэрийн биелэлтийг хангуулах;
37.1.2.хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаатай холбоотой шаардлагатай баримт бичиг, тайлан, мэдээлэлтэй танилцах, удирдан зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлэх;
37.1.3.хадгаламж, зээлийн хоршооны бодлогын хэрэгжилт, санхүүгийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх, үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийн биелэлтэд хяналт тавих, дүгнэлт гаргаж бүх гишүүдийн хуралд танилцуулах;
37.1.4.жил, улирлын санхүүгийн тайлан, тухайн жилийн орлого хуваарилалт, алдагдлыг нөхөх зэрэг асуудлаар санал дүгнэлт гаргаж, бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлэх;
37.1.5.хяналтын зөвлөл нь гүйцэтгэх захирлын эрхийг түдгэлзүүлэх тухай саналаа тэргүүлэгчдийн зөвлөлд оруулах, тэргүүлэгчдийн зөвлөл хуралдах боломжгүй бол гүйцэтгэх захирлын эрхийг түр түдгэлзүүлэх;
37.1.6.шаардлагатай гэж үзвэл бүх гишүүдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах;
37.1.7.тэргүүлэгчдийн зөвлөл, зээлийн хороо, гүйцэтгэх захирлын үйл ажиллагаа нь хууль бус, тухайн хадгаламж, зээлийн хоршоо, гишүүдийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхөөр бол уг үйл ажиллагааг таслан зогсоох, гаргасан шийдвэрийг хүчингүй болгох, залруулга хийхийг шаардах;
37.1.8.хууль тогтоомж, дүрэм, журмыг зөрчсөн тэргүүлэгчдийн зөвлөл, зээлийн хорооны гишүүн, гүйцэтгэх захирал, ажилтанд сануулга өгөх, шаардлагатай гэж үзвэл эрх бүхий дээд шатны байгууллага, албан тушаалтанд зохих хариуцлага тооцуулахаар санал тавих;
37.1.9.тэргүүлэгчдийн зөвлөл, зээлийн хорооны гишүүн, гишүүнчлэл бүхий гүйцэтгэх захирал болон ажилтанд зээл олгох ажиллагаанд хяналт тавих, тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүнд зээл олгох асуудлыг шийдвэрлэх;
37.1.10.хяналтын зөвлөл болон эрх бүхий бусад байгууллагын эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэрийг тэргүүлэгчдийн зөвлөл, зээлийн хорооны гишүүн, гүйцэтгэх захирал болон ажилтан биелүүлээгүйгээс хадгаламж, зээлийн хоршоо, гишүүдэд хохирол учруулсан бол уг асуудлаар хадгаламж, зээлийн хоршооны нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүх ажиллагаанд оролцох;
37.1.11.тэргүүлэгчдийн зөвлөлийн болон зээлийн хорооны хуралд саналын эрхгүй оролцох;
37.1.12.шаардлагатай гэж үзвэл мэргэжлийн шинжээчийг төлбөртэй ажиллуулах;
37.1.13.хадгаламж, зээлийн хоршооны дүрмээр тогтоосон бусад бүрэн эрх.