38 дугаар зүйл. Зээлийн хороо

ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХОРШООНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

38 дугаар зүйл. Зээлийн хороо

38.1.Хадгаламж, зээлийн хоршоо нь зээлийн хороотой байна.

38.2.Зээлийн хороог тэргүүлэгчдийн зөвлөл гурваас доошгүй гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулах ба зээлийн хороо нь үйл ажиллагаагаа тэргүүлэгчдийн зөвлөлд тайлагнана.

38.3.Зээлийн хорооны гишүүдийн гуравны нэгээс доошгүй хувь нь банк, санхүү, эдийн засаг, эсхүл орон нутгийн хөгжил, хоршооны талаар мэдлэг, туршлагатай байна.

38.4.Хадгаламж, зээлийн хоршоо зээлийн хороог бүх гишүүдийн хурлаар байгуулахаар дүрэмдээ зааж болно. Энэ тохиолдолд зээлийн хорооны даргыг тэргүүлэгчдийн зөвлөлөөс сонгох бөгөөд үйл ажиллагаагаа бүх гишүүдийн хуралд тайлагнана.

38.5.Зээлийн хорооны гишүүнд 34.3, 34.4, 34.11-д заасан шаардлага нэгэн адил хамаарах бөгөөд зээлийн хорооны гишүүн нь тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөлийн гишүүн байж болохгүй.

38.6.Зээлийн хорооны хуралдах хугацааг хадгаламж, зээлийн хоршооны дүрэмд нарийвчлан заах ба зээлийн хорооны хуралд гишүүдийн олонх нь оролцсоноор хүчин төгөлдөр болно.

38.7.Зээлийн хороо нь шийдвэрээ хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар гаргах ба гарсан шийдвэрийг дэмжсэн санал өгсөн гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна.

38.8.Зээлийн хороо дараах бүрэн эрхтэй байна:

38.8.1.хадгаламж, зээлийн хоршооны дүрэмд өөрөөр заагаагүй бол зээлийн бодлогыг хэрэгжүүлэх, тэргүүлэгчдийн зөвлөлд санал оруулах;

38.8.2.хадгаламж, зээлийн хоршооны дүрэмд өөрөөр заагаагүй бол зээл авахаар ирүүлсэн хүсэлтийг хүлээн авах, хянах, олгох эсэх асуудлыг шийдвэрлэх, зээлийн гэрээ байгуулах;

38.8.3.зээлийн эргэн төлөлтөд хяналт тавих;

38.8.4.шаардлагатай гэж үзвэл бүх гишүүдийн хурлыг хуралдуулах саналыг тэргүүлэгчдийн зөвлөлд гаргах;

38.8.5.хууль болон хадгаламж, зээлийн хоршооны дүрмээр тогтоосон бусад бүрэн эрх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.