39 дугаар зүйл. Гүйцэтгэх захирал
39.1.Гүйцэтгэх захирал нь хадгаламж, зээлийн хоршооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
39.2.Гүйцэтгэх захирлыг тэргүүлэгчдийн зөвлөлөөс томилж, гэрээ байгуулах ба үйл ажиллагаагаа тэргүүлэгчдийн зөвлөлд тайлагнана.
39.3.Гүйцэтгэх захиралтай байгуулах гэрээнд гүйцэтгэх захирлын эрх, үүрэг, хариуцлагын хэмжээ, хязгаар, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, цалин хөлс, урамшуулал зэргийг тусгана.
39.4.Тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөлийн гишүүн гүйцэтгэх захирлаар ажиллахыг хориглоно.
39.5.Хадгаламж, зээлийн хоршооны дүрэмд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэх захирал нь тухайн хадгаламж, зээлийн хоршооны гишүүнчлэлгүй байж болно.
39.6.Гүйцэтгэх захирал нь дараах шаардлагыг хангасан байна:
39.6.1.банк, санхүү, эдийн засаг, хууль, эсхүл орон нутгийн хөгжил, хоршооны талаар мэдлэг, туршлагатай;
39.6.2.хугацаа хэтэрсэн зээлийн өргүй;
39.6.3.ял шийтгэлгүй;
39.6.4.тухайн албан тушаалыг хашихад харшлах зүйлгүй;
39.6.5.сүүлийн гурван жилийн хугацаанд санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаад дампуурсан хуулийн этгээдийн удирдлагад ажиллаагүй.
39.7.Гүйцэтгэх захирал дараах бүрэн эрхтэй байна:
39.7.1.тэргүүлэгчдийн зөвлөлөөс эрх олгосноор гадаад, дотоод харилцаанд хадгаламж, зээлийн хоршоог төлөөлөх;
39.7.2.ажилтныг томилох, чөлөөлөх, ажлаас халах, түүнтэй гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих;
39.7.3.хадгаламж, зээлийн хоршооны нэрийн өмнөөс иргэний эрх зүйн харилцаанд оролцох;
39.7.4.сүүлийн санхүүгийн тайлангаар баталгаажсан нийт активын 10 хувиас доош хэмжээтэй нэг буюу хоорондоо шууд хамаарал бүхий хэд хэдэн хэлцэл хийх шийдвэр гаргах.
39.8.Гүйцэтгэх захирал нь энэ хуулийн 35.1.7-д заасан нөхцөл байдал бий болсон тохиолдолд энэ талаар тэргүүлэгчдийн зөвлөл болон Хороонд нэн даруй мэдэгдэж цаашид авах арга хэмжээний талаарх санал гаргах үүрэгтэй.