47 дугаар зүйл. Хадгаламж, зээлийн хоршоог өөрчлөн байгуулах
47.1.Хадгаламж, зээлийн хоршоог өөрчлөн байгуулах шийдвэрийг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэх бөгөөд хуралд оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн саналаар шийдвэр хүчин төгөлдөр болно.
47.2.Хорооны зөвшөөрлийг үндэслэн хууль тогтоомжид заасны дагуу хадгаламж, зээлийн хоршоог өөрчлөн байгуулна.
47.3.Хадгаламж, зээлийн хоршоог өөрчлөн байгуулах зөвшөөрөл авахад Хороонд дор дурдсан баримт бичгийг ирүүлнэ:
47.3.1.өргөдөл;
47.3.2.өөрчлөн байгуулах тухай бүх гишүүдийн хурлын шийдвэр;
47.3.3.өөрчлөн байгуулах болсон үндэслэл, шаардлага, өөрчлөн байгуулагдаж байгаа хэлбэр, нөхцөл, хугацаа, өөрчлөн байгуулагдах төлөвлөгөө, үе шат, өөрчлөн байгуулагдан татан буулгасны дараа гишүүдэд ногдох хөрөнгийн тооцоо зэргийг бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж гаргасан шийдвэр, санхүүгийн тайлан болон шаардлагатай бусад мэдээлэл;
47.3.4.өөрчлөн байгуулагдсанаас үүсэх санхүүгийн үр дүнгийн тооцоо, өөрчлөн байгуулагдсаны дараах хуулийн этгээдийн эхлэлтийн тайлан тэнцэл.
47.4.Хороо нь холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор тухайн хадгаламж, зээлийн хоршоог өөрчлөн байгуулах зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хянан шийдвэрлэж, шийдвэрийг тухайн хадгаламж, зээлийн хоршоонд хүргүүлж, олон нийтэд мэдээлнэ.
47.5.Хадгаламж, зээлийн хоршоог өөрчлөн байгуулах тухай бүх гишүүдийн хурлын шийдвэр нь хууль тогтоомж зөрчсөн, эсхүл тухайн хадгаламж, зээлийн хоршооны гишүүд, авлагатай иргэн, хуулийн этгээдийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхөөр бол Хороо зөвшөөрөл өгөхөөс татгалзаж болно.
47.6.Хороо шаардлагатай гэж үзвэл хадгаламж, зээлийн хоршоог өөрчлөн байгуулах ажиллагааны явцад газар дээрх хяналтыг хэрэгжүүлж, арга зүйн зөвлөгөө өгч болно.