53 дугаар зүйл. Хадгаламж зээлийн хоршоодын холбооны чиг үүрэг
53.1.Холбоо нь гишүүн хадгаламж, зээлийн хоршоодын санхүүгийн тогтвортой байдлыг хангахад туслах, мэргэшил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, гишүүддээ үзүүлэх үйлчилгээний чанарыг дээшлүүлэх зорилгоор дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
53.1.1.гишүүн хадгаламж, зээлийн хоршоодын боловсон хүчин бэлтгэх асуудлаар нэгдсэн бодлого боловсруулж, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах, гишүүн хоршоодын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн зөвлөлгөө өгөх, харилцан туршлага солилцох, боловсон хүчнийг сургах, давтан сургах ажлыг зохион байгуулах, хоршооллын хөдөлгөөний үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, хоршоог хөгжүүлэх бодлого хэрэгжүүлэх;
53.1.2.гишүүн хадгаламж, зээлийн хоршоодод мэдээллийн технологийн нэгдсэн үйлчилгээ үзүүлэх бодлого боловсруулж, программ, техник хангамжийг бүрдүүлж, өгөгдлийг нэгдсэн журмаар боловсруулах, мэдээллийн дундын төв байгуулах, мэдээллийн болон техникийн аюулгүй байдал, нууцлалыг хадгалж хамгаалах, мэдээллийн нэгдсэн санг улсын хэмжээний мэдээллийн тогтолцоотой холбох;
53.1.3.гишүүн хадгаламж, зээлийн хоршоодын хөгжлийн бодлого тодорхойлох, эрсдэлээс сэргийлэх, санхүү, менежментийн заавар, зөвлөгөө өгөх, зөвлөмж гаргах;
53.1.4.гишүүн хадгаламж, зээлийн хоршоодын аудит, нягтлан бодох бүртгэлийн чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, арга зүйн зөвлөлгөө өгөх, хоршоодод хэрэглэгдэх бүртгэлийн болон үйл ажиллагааны нэгдсэн маягт, хадгаламжийн дэвтэр, гэрээний загвар зэргийг боловсронгуй болгон маркетингийн нэгдсэн үйлчилгээ үзүүлэх;
53.1.5.холбоо нь дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэхтэй холбоотойгоор гишүүн хадгаламж, зээлийн хоршоодын санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор тогтворжилтын үйлчилгээ үзүүлэх.