54 дугаар зүйл. Холбооны үзүүлэх тогтворжилтын үйлчилгээ

ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХОРШООНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

54 дугаар зүйл. Холбооны үзүүлэх тогтворжилтын үйлчилгээ

54.1.Холбоо нь тогтворжилтын сан байгуулж, санхүүгийн тогтворжилтын үйлчилгээ үзүүлэхэд дараах чиг үүргийг гүйцэтгэнэ:

54.1.1.гишүүн хадгаламж, зээлийн хоршооны эрсдэлийн түвшин, тогтвортой байдалд мониторинг хийх;

54.1.2.хадгаламж, зээлийн хоршооны санхүүгийн байдлыг тогтворжуулах үүднээс санхүүгийн туслалцаа үзүүлэх.

54.2.Тогтворжилтын сангаас санхүүгийн хүндрэлтэй хадгаламж, зээлийн хоршоонд санхүүгийн туслалцаа үзүүлэхэд дараах зарчмыг баримтална:

54.2.1.гишүүн хадгаламж, зээлийн хоршоо санхүүгийн туслалцаа авах хүсэлтээ холбоонд гаргах;

54.2.2.холбоо нь тогтворжилтын сангаас санхүүгийн туслалцаа хүссэн хадгаламж, зээлийн хоршооны зээл болон хадгаламжийн багцад хяналт хийх;

54.2.3.холбоо тухайн хадгаламж, зээлийн хоршоонд тогтворжилтын сангаас эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн туслалцааг Хорооны зөвшөөрлөөр олгох.

54.3.Тогтворжилтын сан нь гишүүн хадгаламж, зээлийн хоршоодоос жил бүр төвлөрүүлэх шимтгэл, гадаад, дотоодын байгууллага, иргэн, хуулийн этгээдийн хандив, тусламж, үйл ажиллагааны орлогоос бүрдэнэ.

54.4.Тогтворжилтын санд татан төвлөрүүлсэн хөрөнгийг захиран зарцуулах, хяналт тавих журам, заавал байх нөөцийн доод хэмжээг Хороо батална.

54.5.Холбоо нь тогтворжилтын үйлчилгээг Хорооноос баталсан журмын хүрээнд үзүүлнэ.

54.6.Санхүүгийн тогтворжилтын үйлчилгээ авах эрх нь гишүүн хадгаламж, зээлийн хоршооноос шимтгэлийг тогтворжилтын санд бүрэн төлсөн өдрөөс эхлэн үүснэ.

54.7.Тогтворжилтын сангаас олгох санхүүгийн туслалцааны дээд хэмжээ нь тухайн хадгаламж, зээлийн хоршооны тогтворжилтын санд төлсөн нийт шимтгэлийн хэмжээг гурав дахин нэмэгдүүлснээс илүүгүй байна.

54.8.Тогтворжилтын сангийн заавал байх нөөцийн хэмжээ нь доод хэмжээнд хүрээгүй бол санхүүгийн туслалцаа үзүүлэхийг хориглоно.

54.9.Холбоо тогтворжилтын сангийн улирал, жилийн санхүүгийн тайланг тогтоосон хугацаанд Хороонд хүргүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.