15 дугаар зүйл. Үндэсний лавлагаа лаборатори

ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

15 дугаар зүйл. Үндэсний лавлагаа лаборатори

15.1.Стандартчилал, хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дэргэд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүйн үзүүлэлтийн талаарх лабораторийн шинжилгээний мэдээллийн нэгдсэн санг удирдах, энэ хуулийн 15.3-т заасан лабораториудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий Үндэсний лавлагаа лаборатори ажиллана. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15.2.Үндэсний лавлагаа лаборатори дараах чиг үүрэгтэй байна:

15.2.1.хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдалд тандалт судалгаа, үнэлгээ, шинжилгээ хийж, дүгнэлт, зөвлөмжийг холбогдох төрийн байгууллагад тухай бүрд хүргүүлэх;

15.2.2.энэ хуулийн 15.4-т заасны дагуу ирүүлсэн шинжилгээний дүнг нэгтгэн мэдээллийн сан бүрдүүлж, удирдах;

15.2.3.хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд тавих аюулгүйн үзүүлэлтийг тодорхойлж, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар батлуулах;

15.2.4.эрсдэлийн үнэлгээ хийх удирдамж баталж, эрсдэлийн үнэлгээг энэ хуулийн 16.1-д заасан эрсдэлийн үнэлгээний баг /цаашид "баг" гэх /-аар гүйцэтгүүлэх, багийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх, үнэлгээний дүнг холбогдох төрийн байгууллагад хүргүүлэх;

15.2.5.лабораторийн шинжилгээний шинэ аргачлал боловсруулах, энэ хуулийн 15.3-т заасан лабораториудын ур чадварын сорилт зохион байгуулах, аргын баталгаажуулалт хийх;

15.2.6.энэ хуулийн 15.3-т заасан лабораториудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, мэргэжил дээшлүүлэх болон стандартын сургалт зохион байгуулах;

15.2.7.хүнсний аюулгүй байдлын талаарх техникийн зохицуулалт, эрүүл ахуйн болон ариун цэврийн арга хэмжээ, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүйн үзүүлэлтийн төсөлд санал өгөх;

15.2.8.хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг шинжлэх арга, сорьц, дээж авах аргачлал, шинжлэх асуудлаар зөвлөгөө өгөх, шинжилгээтэй холбогдсон маргааныг магадлан шинжлэх, шаардлагатай бол онцгой байдлын болон гамшгийн үед авсан дээжид шинжилгээ хийх.

15.3.Итгэмжлэгдсэн төрийн, орон нутгийн болон хувийн өмчит лаборатори хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлын тандалт судалгаа, дээжийн шинжилгээ хийхэд оролцоно.

15.4.Энэ хуулийн 15.3-т заасан лаборатори шинжилгээний дүнгээ мэдээллийн нэгдсэн санд тухай бүр хүргүүлнэ.

15.5.Энэ хуулийн 15.1-д заасан Үндэсний лавлагаа лаборатори болон багийн ажиллах журмыг Засгийн газар батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.