17 дугаар зүйл. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах талаарх төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг

ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр · сүүлийн өөрчлөлт 2024-06-05

17.1.Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах талаар хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

17.1.1.хүнсний сүлжээнд зохистой дадлыг нэвтрүүлэх талаар сургалт зохион байгуулах;

17.1.2.хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн дэх мал, амьтны эмийн үлдэц болон пестицидийн үлдэгдлийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг олон улсын стандартад нийцүүлэн тогтоох; /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

17.1.3.мал, амьтанд зориулан үйлдвэрлэх, импортлох тэжээл, газар тариалангийн үйлдвэрлэлд ашиглах бордооны аюулгүй байдалд тавих шаардлагыг тогтоох.

17.1.4.ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнд пестицид, бордооны үлдэгдлийн хяналтын төлөвлөгөө батлах. /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

17.2.Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах талаар эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

17.2.1.тусгай хоолны дэглэмтэй хүнд зориулсан хүнсний бүтээгдэхүүн, энэ хуулийн 6.5.3-т заасан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн болон хоол үйлдвэрлэлд тавих шаардлагыг тогтоох;

17.2.2.хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, хүнсний нэмэлтэд агуулагдах бохирдуулагчийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг олон улсын стандартад нийцүүлэн тогтоох;

17.2.3.хүнсний нэмэлтийн аюулгүй хэрэглээний түвшинг тогтоож, хэрэглэх нөхцөлийг тодорхойлох;

17.2.4.хоол хүнснээс шалтгаалсан байнгын болон өвчлөлийн үеийн тандалт судалгаа хийж, яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөн зохион байгуулж, үр дүнг олон улсын мэдээллийн сүлжээнд болон нийтэд мэдээлэх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.