18.1.Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналтын байгууллага хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдалд дараах байдлаар хяналт тавина: /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
18.1.1.хүнсний сүлжээний үе шат болон үйл ажиллагааны явцад эрсдэлийн үнэлгээ хийж, эрсдэлийн шалтгааныг тогтоох, таслан зогсоох, нийтэд шуурхай мэдээлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр зөвлөгөө өгөх, хяналт шалгалтыг төлөвлөх, хэрэгжүүлэх;
18.1.2.хүнсний сүлжээнд ашиглах болон хэрэглэх эд зүйлс, барилга байгууламж, ажлын байр нь эрүүл ахуйн болон ариун цэврийн шаардлага хангаж байгаа эсэхэд үзлэг шалгалт хийх;
18.1.3.импортын болон дотоодод үйлдвэрлэсэн хүнс холбогдох техникийн нөхцөл, эрүүл ахуй, ариун цэврийн бусад шаардлагыг хангаж байгаа эсэхийг тогтоох, эрсдэлд суурилсан тандалтыг зохион байгуулах;
18.1.4.зохистой дадлыг нэвтрүүлэх болон хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлд хяналт тавих;
18.1.5.хүнсний аюулгүй байдлын асуудлаар шийдвэр гаргахдаа багийн гаргасан эрсдэлийн үнэлгээ, техникийн зөвлөмжид тулгуурлах;
18.1.6.хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн бүртгэлийн нэгдсэн санг бүрдүүлж, зохих өөрчлөлт, хөдөлгөөн хийх, төрийн, төрийн бус байгууллага болон хэрэглэгчид шаардлагатай мэдээ, мэдээлэл өгөх.
18.2.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 55.3-т заасан эрсдэлд суурилсан хяналт шалгалтын давтамж тухайн үйлдвэрлэлийн онцлог, үйл ажиллагааны чиглэл, эрсдэлийн ангилалтай уялдсан байна. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
18.3.Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналтын байгууллага хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлын хяналтын нэгжтэй байна. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
БУСАД