6 дугаар зүйл. Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн талаарх мэдээлэл

ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

6 дугаар зүйл. Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн талаарх мэдээлэл

6.1.Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч дараах мэдээллийг маягтын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр харьяалах нутаг дэвсгэр дэх хүнсний хяналт хэрэгжүүлэх төрийн байгууллага /цаашид "хяналтын байгууллага" гэх /-д мэдээлнэ:

6.1.1.хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн нэр, байршил, хаяг, утас, факсын дугаар, цахим хаяг;

6.1.2.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар, иргэний бүртгэлийн дугаар, хүнсний чиглэлийн үйл ажиллагааны төрөл, хэлбэр, дотоод хяналтын журам. /Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.2.Энэ хуулийн 6.1-д заасан маягтын загварыг хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.3.Энэ хуулийн 6.5-д зааснаас бусад тохиолдолд хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч энэ хуулийн 6.1-д заасны дагуу мэдээлснээр үйл ажиллагаагаа эхлүүлж болно.

6.4.Хяналтын байгууллага энэ хуулийн 6.1-д заасан мэдээлэлд тулгуурлан эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг төлөвлөнө.

6.5.Хяналтын байгууллага дор дурдсан үйлдвэрлэлийг шинээр эрхлэх хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн энэ хуулийн 6.1-д заасан мэдээллийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор Хүнсний тухай хууль болон энэ хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд урьдчилсан хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргана:

6.5.1.мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл;

6.5.2.өндөг, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл;

6.5.3.нялх, балчир, бага насны болон цэцэрлэгийн хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдад зориулсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн болон хоол үйлдвэрлэл.

/Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6.6.Хяналтын байгууллага энэ хуулийн 6.5-д заасан хугацаанд дүгнэлт гаргаагүй тохиолдолд хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч үйлдвэрлэлээ эхлүүлэх эрхтэй.

6.7.Энэ хуулийн 6.5-д заасан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүйн үзүүлэлт, түүнийг боловсруулах, үйлдвэрлэх нөхцөл, шаардлагыг техникийн зохицуулалтад тусгана.

6.8.Уламжлалт аргаар сүү, цагаан идээ боловсруулах үйл ажиллагаанд энэ хуулийн 6.5 дахь хэсэг хамаарахгүй.

6.9.Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч энэ хуулийн 6.1-д заасан мэдээлэл өөрчлөгдсөн тохиолдолд энэ тухайгаа 15 хоногийн дотор хяналтын байгууллагад мэдэгдэнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.