7 дугаар зүйл. Хүнсний сүлжээнд аюулгүй байдлыг хангах арга, хэлбэр

ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

7 дугаар зүйл. Хүнсний сүлжээнд аюулгүй байдлыг хангах арга, хэлбэр

7.1.Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь өөрийн үйл ажиллагааны төрлөөс хамааран энэ хуулийн 4.1.19-4.1.21-д заасан дараах зохистой дадлыг нэвтрүүлнэ:

7.1.1.хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний анхан шатны үйлдвэрлэлд хөдөө аж ахуйн зохистой дадал;

7.1.2.хүнсний сүлжээний бүх үе шатанд эрүүл ахуйн зохистой дадал;

7.1.3.хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн шатанд үйлдвэрлэлийн зохистой дадал.

7.2.Хүнсний чиглэлийн үйл ажиллагааны төрөл, хүчин чадал, хамрах хүрээ, газар зүйн байршлаас хамаарч энэ хуулийн 7.1-д заасан зохистой дадлыг хялбаршуулан нэвтрүүлэх зааврыг хүнсний болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батална.

7.3.Хүнсний үйлдвэрлэл эрхлэгч үйл ажиллагаандаа хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдалд нөлөөлөх аюулыг илрүүлэн тогтоох, үнэлэн дүгнэх, хянан шалгах зорилгоор аюулын дүн шинжилгээ ба эгзэгтэй цэгийн хяналтын тогтолцоог хэрэгжүүлж болно.

7.4.Энэ хуулийн 7.1, 7.3-т заасан зохистой дадал, аюулын дүн шинжилгээ ба эгзэгтэй цэгийн хяналтын тогтолцоог нэвтрүүлэх аргачлал, зөвлөмжийг хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргана. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.