8 дугаар зүйл. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг буцаан болон татан авах

ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

8 дугаар зүйл. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг буцаан болон татан авах

8.1.Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээ хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэж үзвэл тэдгээрийг хүнсний сүлжээнээс буцаан авна.

8.2.Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч дараах тохиолдолд хяналтын байгууллагын шийдвэрээр хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээ хүнсний сүлжээнээс татан авна:

8.2.1.хоол хүнснээс шалтгаалсан өвчлөл гарсан;

8.2.2.тухайн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн эрүүл ахуйн шаардлага болон аюулгүйн үзүүлэлтийг хангаагүй, буруу шошголсон, хуурамч бүтээгдэхүүн болохыг хяналт шалгалтаар тогтоосон;

8.2.3.тухайн импортолсон хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулын талаарх сэрэмжлүүлэг олон улсын мэдээллийн сүлжээгээр мэдээлэгдсэн.

8.3.Энэ хуулийн 8.1, 8.2-т заасан үндэслэлээр хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг буцаан болон татан авсан тохиолдолд хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь энэ тухайгаа нэн даруй хяналтын байгууллага, хэрэглэгчид болон тухайн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хүлээн авсан хүнсний сүлжээний дараагийн шатны үйл ажиллагаа эрхлэгчид мэдэгдэнэ.

8.4.Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг буцаан болон татан авсан, тэдгээртэй холбогдсон арга хэмжээний талаарх мэдээлэл, баримт бичгийг хадгална.

8.5.Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч энэ хуулийн 8.2-т заасны дагуу хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээ татан авсан тохиолдолд хяналтын байгууллагын шийдвэрийг гартал хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг татан авсан он, сар, өдрийг тэмдэглэн тухайн түүхий эд, бүтээгдэхүүнийг тусгаарлан битүүмжилж хадгална.

8.6.Хүний амь нас, эрүүл мэндэд аюултай, гарал үүсэл нь тодорхойгүй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг энэ хуулийн 8.10-т заасан журмын дагуу устгана.

8.7.Буцаан болон татан авсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг мал, амьтны тэжээл, ургамлын бордооны зориулалтаар энэ хуулийн 8.10-т заасан журмын дагуу дахин боловсруулж болно.

8.8.Энэ хуулийн 8.7-д заасны дагуу хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг дахин боловсруулах тохиолдолд мал, амьтны эрүүл мэндийн болон ургамал хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авна. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

8.9.Энэ хуулийн 8.2, 8.6-д заасан арга хэмжээг хэрэгжүүлсэнтэй холбогдон гарсан зардал, лабораторийн шинжилгээний төлбөр, бусдад учирсан хохирлыг буруутай хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч хариуцна.

8.10.Энэ хуулийн 8.2, 8.6, 8.7-д заасны дагуу хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг татан авах, устгах, дахин боловсруулах журмыг Засгийн газар батална.

8.11.Хяналтын байгууллага энэ хуулийн 8.2-т заасны дагуу татан авсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний талаар мэдээллийн сан бүрдүүлж, нийтэд мэдээлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.