10 дугаар зүйл. Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхэд тавих шаардлага
10.1.Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхэд дараах нийтлэг шаардлага тавина:
10.1.1.хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдлыг хангаж, үйл ажиллагааныхаа үр дагаврыг өөрөө хариуцах;
10.1.2.стандарт, техникийн зохицуулалтад нийцсэн барилга байгууламж, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, агуулах, тээврийн хэрэгсэлтэй байх;
10.1.3.хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх, шинэчлэх, тоног төхөөрөмжийг шинээр суурилуулах ажлыг эрх бүхий байгууллагын хянан баталгаажуулсан зураг төслийн дагуу гүйцэтгэх;
10.1.4.үйл ажиллагаандаа зохистой дадлыг нэвтрүүлэх;
10.1.5.боловсруулах болон нийтийн хоолны үйлдвэрлэл эрхлэх тохиолдолд мэргэжлийн, эсхүл мэргэшсэн хүний нөөцтэй байх;
10.1.6.үйл ажиллагаагаа эхлэхийн өмнө хуульд заасны дагуу байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэсэн байх;
10.1.7.хуульд заасан бол зөвшөөрөл авсан байх. /Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
10.1.8.нийтийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тохиолдолд Хог хаягдлын тухай хуулийн 10.2.17-д зааснаар үйл ажиллагаанаас үүсэх хог хаягдлыг түүнийг дахин боловсруулах, сэргээн ашиглах эрх бүхий байгууллагад шилжүүлэх гэрээ байгуулсан байх; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
10.1.9.үйл ажиллагаанаас үүсэх хог хаягдлын менежментийн төлөвлөгөөтэй байх. /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
10.2.Хүнсний чиглэлийн үйл ажиллагаанд дараах хяналт, удирдлагын тогтолцоог хэрэгжүүлж болно:
10.2.1.Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 7.3-т заасан аюулын дүн шинжилгээ ба эгзэгтэй цэгийн хяналт;
10.2.2.хүнсний чанарын удирдлага;
10.2.3.хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлын удирдлага.
10.3.Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 6.1.3-т заасны дагуу баталсан жагсаалтад орсноос бусад пестицид, химийн бордоо, ахуйн хортон шавж, мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг хүнсний чиглэлийн үйл ажиллагаанд хэрэглэхийг хориглоно.