11 дугаар зүйл. Хүнс экспортлох, импортлоход тавих шаардлага

ХҮНСНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

11 дугаар зүйл. Хүнс экспортлох, импортлоход тавих шаардлага

11.1.Хүнсийг зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд экспортолж, импортлоно.

11.2.Энэ хуулийн 11.1-д заасан хуулийн этгээд Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд зааснаас гадна дараах шаардлагыг хангасан байна:

11.2.1.экспортлогч улсын үйлдвэртэй шууд, эсхүл түүний албан ёсны гэрээт борлуулагчтай худалдааны гэрээ байгуулсан байх;

11.2.2.импортлох хүнс нь зохистой дадал, эсхүл энэ хуулийн 10.2-т заасан хяналт, удирдлагын тогтолцоог нэвтрүүлснийг баталгаажуулсан үйлдвэрийнх байх;

11.2.3.импортлох хүнсний хадгалах хугацааны гуравны хоёр нь хүчинтэй хугацаа байх;

11.2.4.стандарт, техникийн зохицуулалтын шаардлага хангасан зориулалтын агуулах, тээврийн хэрэгсэлтэй байх, эсхүл энэ шаардлагыг хангасан хуулийн этгээд, байгууллагатай гэрээтэй байх.

11.3.Импортлогч энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу бүртгүүлээгүй, олон улсад хэрэглэдэг таних тэмдэг, тэмдэглэгээгүй баяжуулагч бэлдмэл, хүнсний нэмэлт, бичил биетний цэвэр өсгөврийн хөрөнгө /цаашид "өсгөврийн хөрөнгө" гэх/, органик болон шинэ технологиор үйлдвэрлэсэн хүнс, энэ хуулийн 7.2-т заасны дагуу бүртгүүлээгүй хувиргасан амьд организмаас гаралтай хүнсийг импортлохыг хориглоно.

ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХЯНАЛТ, БҮРТГЭЛ, БАТАЛГААЖУУЛАЛТ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.