3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

ХҮНСНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."хүнс" гэж хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагааг хангах, эрүүл мэндийг дэмжин хамгаалахад шаардагдах хүнсний түүхий эд, хагас болон бүрэн боловсруулсан бүтээгдэхүүн, ундны усыг;

3.1.2."хүнсний аюулгүй байдал" гэж хүн ам амьдралынхаа туршид чанартай, шим тэжээллэг, аюулгүй хүнсийг улсын эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал, газар зүйн байршлаас үл хамааран тогтвортой, хүртээмжтэй сонгон хэрэглэх боломж бүрдсэн байхыг;

3.1.3."хүнсний чанар" гэж хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний стандарт, техникийн зохицуулалтын болон хэрэглээний шаардлага хангасан байдлыг;

3.1.4."хүнсний эрүүл ахуй" гэж Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4.1.5-д заасныг;

3.1.5."органик хүнс" гэж мал аж ахуй, газар тариалангийн органик үйлдвэрлэлийн болон цэвэр байгалийн гаралтай Монгол Улсын болон олон улсын шаардлага хангасан түүхий эд, бүтээгдэхүүнийг;

3.1.6."стратегийн хүнс" гэж монгол хүний физиологийн хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай малын мах, сүү, тарианы үр, улаан буудай, гурил, ундны усыг;

3.1.7."шим тэжээллэг хүнс" гэж хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагаа, өсөлт хөгжилтийг хангах, илч зарцуулалтыг нөхөх уураг, өөх тос, нүүрс ус, эрдэс бодис, амин дэм болон ашигтай бичил биетний зохистой агууламжтай хүнсийг;

3.1.8."шинэ технологиор үйлдвэрлэсэн" гэж Монгол Улсад урьд өмнө нь үйлдвэрлэж, практикт хэрэглэж байгаагүй, шинжлэх ухаан, технологийн дэвшилтэт аргаар үйлдвэрлэсэн, эсхүл шинэ технологийг импортлон үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй нь батлагдсан, хуульд заасны дагуу эрхийн хамгаалалт хийгдсэнийг;

3.1.9."хүнсний нэмэлт" гэж дангаараа бүтээгдэхүүн, эсхүл хүнсний үндсэн бүрэлдэхүүн хэсэг болж чаддаггүй, тэжээллэг чанаргүй, амт, үнэр, өнгө оруулах, биежүүлэх, сийрэгжүүлэх, хадгалах хугацааг уртасгах болон технологи ажиллагааг хурдасгах зорилгоор хүнсний үйлдвэрлэлийн явцад зориудаар нэмдэг бодис, хольцыг;

3.1.10."бичил биетний цэвэр өсгөврийн хөрөнгө" гэж хүнсийг боловсруулах шатанд үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглэдэг бичил биетэн, тэдгээрийн биомасс бэлдмэлийг;

3.1.11."хүнсний сүлжээ" гэж Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4.1.6-д заасныг;

3.1.12."хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч" гэж хүнсний сүлжээнд хамаарах үйл ажиллагааны аль нэг, эсхүл хэд хэдэн үйл ажиллагаа эрхэлдэг Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн /цаашид "иргэн" гэх/, хуулийн этгээдийг;

3.1.13."зохистой дадал" гэж Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4.1.19-4.1.21–д заасныг.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.